Элэг болон чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний аргуудыг Монголд нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүд худалдан авах дөрвөн тэрбум 270 сая төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
Цусны эмгэгүүд, тэр дундаа цусны хорт хавдар жил бүр 50-60 хувиар нэмэгдэж, үүнийг даган эмчилгээ үйлчилгээний зардал өсчээ. Иймд Клиникийн I эмнэлэг 2011 оноос ясны чөмөг болон цусны үүдэл эс шилжүүлэн суулгах ажлыг БНСУ-ын тэргүүлэх эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн байна.
Эрүүл мэндийн салбарын тулгамдсан өөр нэг асуудал бол элэгний эмгэг. Элэгний хорт хавдрын өвчлөлулсын хэмжээнд нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, эмчлүүлэгчдийн 65 хувь нь хорт хавдар оношлогдсон эхний жилдээ хорвоог орхиж байна. Элэгний хорт хавдраар өвчлөгсдийн амийг аврах цорын ганц арга нь элэг шилжүүлэн суулгах мэс засал байдаг. Эрүүл мэндийн салбарынхан 2011 онд БНСУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх нэвтрүүлж, өнгөрсөн хугацаанд элэг шилжүүлэн суулгах үндэсний баг бэлтгэгдсэн юм. Одоо гагцхүү тоног төхөөрөмж хэрэгтэй гэж Эрүүл мэндийн яам үзсэн. Тэгвэл шаардлагатай тоног төхөөрөмж аваххөрөнгийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэснээр элэг, чөмөг шилжүүлэн суулгах эмнэлгийн тусламж үйлчилгээ олон улсын жишигт хүрэх ба манай орны иргэд харьцангуй бага зардлаар эх орондоо эмчлүүлэх боломжтой болно.