Дорноговь аймагт Халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Ахмадын болон Залуучуудын байгууллагууд өөр өөрсдийн зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж байгаа бол Говь-сүмбэр аймагт Халамж үйлчилгээний хэлтэс нь орон сууцанд, хүүхдийн байгууллага нь Ерөнхий боловсролын сургуулийн Мэдээлэлийн танхимын зааланд хөгжмийн болон мэдээлэл зүйн дугуйлангийн сурагчидтай хамт үйл ажиллагаа явуулж байна.
Мөн Сайншанд сум болон Шанд өртөө, Говьсүмбэр аймгийн 120 гаруй ахмадуудтай уулзахад тэд орон сууцны зээлд хамрагдах, төв орон нутагт улс төржихгүй байх, Залуу эцэг эхчүүдийн дунд ажил зохиох, ажлын байрыг өөрөө бий болгоод ажиллаж байгаа ахмадуудаа урамшуулмаар байна, эм ханган нийлүүлэгч нарт хяналт тавимаар байна, Ахмадын байгууллагын статусыг өөрчлөх, Хүүхдийг хүмүүжүүлэхэд ахмад багш нарын хүч нөөцийг ашиглах, Ахмадын чуулган зохион байгуулахад сум бүрээс төлөөлөл оролцуулах зэрэг санал гаргаж байсан бол Шанд өртөөний ахмадууд төмөр замын ахмадуудыг аймгийн эмнэлэг хүлээж авахгүй байна, асран хамгаалагч шаардлагатай ахмадуудын асрамжлагч нарт мөнгийг нь олгохгүй байна, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтооход зарим үед хэтэрхий чанга байна. Тухайлбал бүсэлхийнээс доош мэдээгүй болсон, өрөөсөн гар нь мөрөөрөө байхгүй илэрхий хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийг 75, 79 хувь гээд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоож өгөхгүй байна, ядуу хүний хүүхдийг ажилд авахгүй байгаагаас үе дамжсан ядуучууд гарч ирэх нь, эмийн жагсаалтаар үнийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эм авахад төсөв дууссан нэрээр олгохгүй байна, ядарсан ахмадуудад түлээ, нүүрсний хөнгөлөлтийг ялгаваргүй олгох, тэтгэврийн доод хэмжээг 300 мянгад хүргэх шаардлагатай зэрэг шүүмжлэл өрнүүлж байлаа.
Дорноговь аймгийн Халамж, үйлчилгээний хэлтсийн харъяа Ахмад настны бүсийн асрамжийн төвд 30 шахам настан тохилог дулаан байр, амтлаг хоол, хүнсээр хангуулж сэтгэгдэл тун өндөр байна. Гэвч асрах байранд их засвар хийж, төвийн дулаанд холбох шаардлагатай байна.
Аймгийн Засаг дарга П.Ганхуяг өөрийн мөрийн хөтөлбөртөө гэр бүл, хүүхэд, ахмадын асуудлыг тусгайлан тусгасны дээр Ахмад, залуучуудын холбоог өөрийн байр, танхимтай болгож Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст шинэ фургон машин авч өгч, хүүхдийн зуслангийн зураг төсөл, газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн байна.
Дорноговь аймгийн хувьд Япон улстай хамтын ажиллагааны хүрээнд Японы соёлын өдрүүд тохиож, тус аймгаас 1000 хүүхдийг соёлын солилцооны хөтөлбөрт хамруулж, аялуулахаар болсон байна. Залуучуудын байгууллагын хувьд Залуучуудын тухай тусгайлсан хуультай болох талаар санал тавьж байв.