logo
Осама хамгийн хайртай, залуу эхнэртэйгээ хамт байжээ

Осама хамгийн хайртай, залуу эхнэртэйгээ хамт байжээ

2011/05/05
АНУ-ын тагнуулын албаныхан Осама Бин Ладены алан хядах сүлжээний талаар дэвшүүлсэн таамаглалаа дахин нягтлан шалгах ажилдаа ороод байна. Тэд Бин Ладен гэр бүлийн хамт Пакистаны нийслэлд тансаг байшинд бүх л хүүхдүүдийн хамт амьдарч байж гэдгийг тогтоосон байна.
Амиа алдах тэр үед тэрбээр Абботтабад дахь байшинд нүүн ирээд байсан бөгөөөд таван эхнэрийнхээ нэгийг л авч явжээ. Осама нэг эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулсан бол гурав нь Сери рүү явсан байсан аж. “Тэр маш залуудаа гэрлэсэн. Түүний анхны эхнэр Сериэс ирсэн үеэл нь байсан. Дараа нь Саудын Арабаас маш өндөр боловсролтой хоёр ч эмэгтэйг эхнэрээ болгосон” хэмээн “Бин Ладеныхан” номын зохиогч Стив Колл хэлсэн байна. 
Хамгийн залуухан, бас хайртай эхнэр нь Амал Ахмед Абдул Фатах хэрэг явдал болох үед түүнтэй хамт байж таарчээ. Тэрбээр өдгөө 29 настай бөгөөд өсвөр насанд нь Иемэн гэр бүл нь Ладенд түүнийг бэлэг болгон өгсөн юм байна. Амал Бин Ладен нар тэрхүү байшиндаа хоёр хүү, нэг охиныхоо хамт байсан ажээ. Бин Ладен төмөр тортой өндөр хашаагаар хүрээлүүлсэн байшиндаа аюулгүй байна хэмээн сэтгэл амар сууж байсан нь илт. 
“Нэг газар хоргодсоноо аюулгүй гэж бодох нь алдаа. Надад итгээрэй. Тийм газар сууж байсан хүн хэзээ ч ингэж бодохгүй” хэмээн Тагнуулын төв газрын шинжээч, Холбооны мөрдөх товчооны терроризмтой тэмцэх албаны ажилтан асан Фил Муд хэллээ. 
Ням гарагийн өглөө тусгай албаныхан дайран ороход Амал Ахмед бин Ладены хамт унтлагын өрөөндөө байсан бөгөөд тэдэн рүү улангасан дайрсан гэнэ. “Тэр өрөөнд Бин Ладен эхнэрийнхээ хамт байсан” хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карней мэдэгдсэн байна. Мөн, “Тэрбээр америкийн цэргийн хүчнийхэн рүү довтолсон учир хөлдөө буудуулсан. Гэхдээ амиа алдаагүй. Буудалцааны үеэр нэгдүгээр давхарт байсан эмэгтэй алагдсан” гэж тэрбээр хэллээ. Карней Амал зэвсэггүй байсан гэж нэмж хэлсэн. 
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар түүний эхнэрүүд урвасан ч байж магадгүй гэнэ. Амалын хөл шархадсан ч тийм ч хүнд биш гэнэ. Харин бин Ладены өөр эхнэрээс төрсөн хүү Халид энэ үеэр алагджээ. Гэхдээ түүний өөр 18 хүүхэд нь амьд байгаа гэнэ. 
Г.Бүрнээ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш