Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаар ахлуулсан НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хорооны хуралдаан 12 дугаар сарын 21-ны өдөр боллоо.
Тус хуралдааны эхэнд НЭМГ-ын дарга С.Туул 2012 онд хийсэн ажлын тайланг танилцуулжээ. Үүний дараа хуралд оролцогсод амаржих газруудын тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга зам, гарцын талаар ярилцаж эрүүл мэндийн нэгдлүүдийн бүтэц орон тоо, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн автомашины парк шинэчлэлийн талаар санал солилцов.
Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар саналаа хэлж эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нэр хүнд унаж байгаа талаар дорвитой арга хэмжээ авч өгөхийг хүссэн бол Дэд сайд Ж.Амарсанаагийн зүгээс одоо байгаа нөхцөл бололцоондоо тулгуурлан ажиллах боломж юу байгаа талаар, эмч эмнэлгийн байгууллагын ажилтануудын авлигыг бууруулахын тулд эмнэлгийн дарга нар юу хийж буйг сонсож цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцон зарим үүрэг даалгаврыг өглөө.
Мөн ЭМЯ-ны санал хүсэлт хүлээн авдаг 1111 тусгай дугаарт ирсэн зарим гомдлуудыг уншиж танилцуулан эмч эмнэлгийн ажилчдын зүгээс харьцаа хандлагадаа өөрчлөлт хийхийг сануулснаар 4 цаг хуралдсан хурал өндөрлөв.
Хуралд Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга Ж.Амарсанаа, тус хорооны гишүүн Д.Оросоо, НЭМГ-ын удирдлагууд болон Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төвийн зарим дарга нар оролцов.