Орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ирсэн нэр бүхий дипломатчдыг шагнасныг Гадаад харилцааны сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар гардуулав.
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах нарт “Онц бөгөөд Бүрэн эрхт” цол хүртээж Мөнгөн гэрэгэ, энгэрийн тэмдгээр шагналаа.
Мөн ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх О.Энхтөрийг “Алтангадас” одонгоор, тус яамны Олон улсын байгууллагын газрын Энхийг сахиулах ажиллагааг дэмжих тасгийн дарга Д.Бат-Эрдэнийг Цэргийн хүндэт медалиар тус тус шагнасныг гардууллаа.