УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг гишүүн Г.Баярсайхан танилцуулав.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул УИХ-ын дарга байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүд бүгдийг нь дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Төсөв, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх болсон тул чуулганы хуралдаан түр завсарлаад байна.
Ш.Содномжамц