УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдааны завсарлагаар Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы хуралдаанд оруулав. Энэ тухай байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүн Г.Баярсайхан танилцуулав.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гарсангүй. Тус байнгын хороо хуулийг энэ оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс дагаж мөрдөхөөр санал дүгнэлтдээ тусгасан байна.
Байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжсэн бөгөөд төслийг батлах саналыг мөн 86 хувь нь дэмжлээ.
Дараа нь Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хий үеэр тогтоолын нэрийг “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” гэж өөрчилсөн юм байна.
Арьс ширний түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар хийж байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, улмаар тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 84.4 хуюв дэмжсэнээр “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдлаа. Тогтоолыг 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх юм.
Үүгээр чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв. Хуралдааны эцэст УИХ-ын дарга З.Энхболд шинэ оны эхнний өдрөө хэрэгжих ёухал хууль, тогтоолыг хэлэлцэж баталсан эрхэм гишүүддээ талархал илэрхийлж, шинэ оноо сайхан угтахыг ерөөв.
Ш.Содномжамц