Өнгөрсөн оны нэгэн шуугиан тарьсан харамсалтай үйл явдал бол АНУ-ын алдарт дуучин Уитни Хьюстон 49 настайдаа 2012 оны хоёрдугаар сарын 11-нд Лос-Анжелест нас барсан явдал байлаа. Зочид буудлын угаалгын өрөөний онгоцонд бүтэж үхсэн байхыг нь олсон талаар тэр үед манай сайт та бүхэнд мэдээлэл хүргэж байсан. Түүний үхлийн шалтгааныг хүмүүс янз бүрээр таамглаж байлаа. Тэгвэл АНУ-ын дуучин Уитни Хьюстоныг хөнөөсөн гэж хувийн мөрдөгч Пол Хьюбл гэгч олон нийтэд мэдэгдлээ. Тэрээр нэрт дуучны үхлийн шалтгааныг тодруулахаар бие даасан мөрдөлт явуулсан бөгөөд эл гэмт хэргийн цаана мансууруулах бодисын нөлөөтэй наймаачид байж болзошгүй талаар гэсэн баримт илрүүлжээ. Хар тамхины наймаачдад Хьюстон1,5 сая ам долларын өртэй байсан гэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хьюбл мансууруулах бодисын наймаачид болон худалдан авагчдаас мэдээлэл цуглуулсан аж. Нас барахынх нь өмнөх өдөр Хьюстонд кокаин хүргэж өгчээ. Дараа нь тэрбээр дилерүүдийн зүгээс өөрийг нь заналхийлсэн талаар ярьсан байна. Мөн дуучныг нас барсны дараа биед нь илэрсэн гэмтэл түүнийг зодсоныг гэрчлэх дүгнэлт гарсан байсныг олон нийтээс нууцалсан байж болзошгүй байна. Задлан шинжилгээний дүнгээр, кокаины хэтэрсэн хэрэглээ нь зүрхний дутагдалд хүргэн дуучны үхлийн шалтгаан болсон аж. Дуучны амьдарч байсан зочид буудлын камерт алуурчин байж болзошгүй хоёр этгээдийн дүрс зочид буудлын хяналтын камерт үлджээ. Хэргийг мөрдөн шалгасан албан ёсны ажлын хэсэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд, дөрөв дүгээр сард хавтаст хэргийг хаасан байна.