logo
“Шидэт өнгө”-ийн мөнхийн сэдэв “нууц амраг”

“Шидэт өнгө”-ийн мөнхийн сэдэв “нууц амраг”

2013/01/02
Монголын хошин урлагийн продакшнууд дотроос ууган нь гэж хэлж болох нь хуучнаар “Инээдмийн ТҮЦ”, одоогийнхоор бол “Шидэт өнгө” продакшн юм. Тус продакшн олон арван тоглолт тавьж, олон авьяастныг төрүүлсэн, Монголын хошин урлагийн хөгжилд тодорхой үр нөлөөтэй ажиллаж ирсэн хамтлаг. Тус продакшнаас МАСК продакшн салан гараад, амжилттай уран бүтээлээ туурвиж яваа гэхээр ямархуу чансаатай уран бүтээлчдийг төрүүлдгийг нотлох мэт. “Шидэт өнгө”-ийнхний дагнаж барьж ажилладаг сэдэв нь гэр бүлийн хууралт, араар тавилт, нууц амрагийн паян байдаг. Шинэ жил, цагаан сар гээд нийтээрээ тэмдэглэж, телевизийн хоймор суулгадаг баяруудаар тэд энэ л сэдвийг хөндөж, уран бүтээлээ толилуулдаг. Эхнэр нь араар нь тавина, эсвэл нөхөр нь нууц амрагаа гэртээ авчирч байгаад эхнэртэйгээ мөргөлдүүлнэ. Нэг бол төрүүлсэн хүүхэд нь өөр хүнийх болчихно. Нэг иймэрхүү сэдвүүдээр дагнасаар байгаад Монголчууд ийм л улс мэт сэтгэгдэлийг тархинд нь ган бат тогтоож чадаж байгаа юм. Энэ жилийн шинэ жилээр мөн л өнөөх сэдэв үргэлжилж, эхнэр нөхөр хоёр анх суухаасаа л нэгнийгээ гол гаргаж байсан болж таарав. Охин нь том болж, хүний эхнэр болох үед дөрвөн аав гарч ирчихээд булаалцалдаж, бас нэг ээж гарч ирэх жишээний. Үйл явдал өрнөөд эцэст нь бүгдээрээ тас тэврэлдэж байгаад зургаа авахуулаад дуусч байна. Ер нь бол амьдрал ийм байдаг гэдгийг хэтрүүлэгтэй үзүүлж байгааг ойлгож байгаа ч байнга давтаад байхаар улиг болж, цочроо авахдаа тааруу болчихдог бололтой юм. Тэгээд ч болж бүтэж байгаа амьдралыг үзүүлбэл үр дүн нь арай илүү байж болох л юм. Ямар ч байсан “Шидэт өнгө”-ийнхөн хөнддөг сэдвийнхээ өнгийг өөрчлөхгүй бол явуургүй тал руугаа орсон байна. Үзэгчид ч уйдамхай ард түмэн шүү дээ.
Ш.Булга www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш