Эрүүл мэндийн яамны удирдлагууд өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөрөө ойрын үед болон 2013 онд хийх ажлынхаа тухай зөвлөлдөж эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдээс ирсэн саналыг үндэслэн эмнэлгүүдийн лавлах үйлчилгээ болон эргэлтийн байрны шуурхай үйлчилгээ, ая тухтай байдлыг хангах бодлого, чиглэлээр эмнэлгүүдийг хангахаар боллоо.
Эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын хууль болон Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, эмнэлгийн тусламж үйлчилгээний нэгжийн өртөг зардлыг тогтоох, эмнэлгийн ажилтны төгсөлтийн дараах сургалт, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэлэлцүүлэг зэрэгт ойрын үед анхаарлаа хандуулж ажиллах бөгөөд ЭМЯ-ны харьяа эмнэлгийн байгууллагуудын дарга нартай Эрүүл мэндийн сайдын хийсэн үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг энэ долоо хоногт дүгнэж дуусгахаар болов.
Түүнчлэн ЭРҮҮЛ ЧИЙРЭГ МОНГОЛ ХҮН хөтөлбөрийн 2013 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний тухай хэлэлцлээ. Иргэний эрүүл мэндийн даатгалын санг бие даалгаж байгуулах талаар санаачлагатай ажиллах, Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн ажлыг эрчимжүүлэх, аймгуудад байгуулах оношлогооны төвийн төслийг эцэслэн боловсруулж сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэн Засгийн газарт хүргүүлэх аж.
Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдийг Олон улсын стандартын шаардлага хангасан үндэсний лавлагаа төвүүд болгож, бүтцийн өөрчлөлт хийх үлгэрчилсэн журам батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн үндэсний лавлагаа төвүүдийн захирал-төсвийн ерөнхий менежерүүдийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй зарлахаар боллоо.
Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал өвөлжилтийн байдал хүндэрсэн орон нутгийн эмнэлгүүдийн үйлчилгээний асуудлаар 15:00 цагт хөдөө орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай шуурхай видео хурал зарлажээ.