logo
Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа

Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа

2013/01/04
Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр арьс ширийг дотоодоо боловсруулан түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих, түүнчлэн малын арьс, ширийг боловсруулах үйлдвэрт тушаасан малчдыг урамшуулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. 

Улсын Их Хурал хэлэлцүүлгийнхээ явцад тогтоолын төслийн нэрийг “Малчид, үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” болгон өөрчилж, хамрах хүрээг нь өргөжүүлэн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.

Энэхүү тогтоолоор арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140,4 тэрбум /нэг зуун дөчин тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн бөгөөд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болон хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох, түүнд хяналт тавих журмыг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах, үйлдвэрлэгчид олгох зээлийн хүүг жилийн 7 хувиас илүүгүй байхаар тооцож олгох, арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэхийг Засгийн газарт даалгасан болно.

Түүнчлэн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малчин, мал бүхий хувь хүн үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын арьс тутамд 3000 төгрөгийн, адуу, үхрийн шир тутамд 15000 төгрөгийн мөнгөн урамшуулал авах бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малчин, мал бүхий хувь хүн зөвхөн хоршооны гишүүн болсон тохиолдолд дээрх мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн авах боломжтой юм.

Энэ тогтоол батлагдсантай уялдуулан Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоол буюу Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулсан бөгөөд энэхүү өөрчлөлтөөр 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд олгох 2000 төгрөгийн мөнгөн урамшууллыг зөвхөн хоршооны гишүүн малчин, мал бүхий хувь хүн үргэлжлүүлэн авах болно.

Тогтоол батлагдсанаар малын гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээ өсч, арьс ширний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн өрсөлдөх чадвар сайжирч, ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш