logo
Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал гэр бүлийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн багш нартай уулзлаа

Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал гэр бүлийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн багш нартай уулзлаа

2013/01/04
Аливаа улс орны хөгжлийн үндсэн суурь нь гэр бүл төвтэй байдаг. Гэр бүл бат бөх суурьтай байж улс орны үндэсний аюулгүй байдал хадгалагдан, хамгаалагддаг. Тэр ч утгаараа хүний хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгосон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 2014 оныг Гэр бүлийн жил болгон зарлахтай холбоотой төлөвлөгөөт ажлаа эхлүүлээд байгаа билээ.

   Энэхүү төлөвлөгөөт ажлыг зөвхөн нэг жилийн дотор өрнүүлээд зогсохгүй, хамгийн гол нь Монголын гэр бүлд тулгамдаж байгаа асуудлыг яг өнөөдрөөс эхлэн хэрхэн шийдвэрлэхэд чиглэгдсэн төрийн бодлого хөтөлбөрийг бэлтгэн боловсруулах ажлыг хийх хэрэгтэй хэмээн ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал үзэж байгаа юм. Өөрөөр хэлвэл гэр бүлийн бат бөх чанарыг хадгалах эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг энэ оноос эхлүүнэ гэлээ. Иймээс тэрээр өнөөдөр гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, энэ чиглэлээр олон жил мэдлэгэ оюунаа дайчлан судалгаа шинжилгээний ажил хийж байгаа эрдэмтэн багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонслоо. 

   Уулзалтанд ШУ-ны Доктор, Профессор, Гэр бүл судалгааны төвийн захирал Т.Намжил, Монгол улсын гавьяат багш Ц. Түвшинтөгс, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Монгол Улсын Эрүүлийг Хамгаалахын Гавьяат ажилтан Д.Мөнхөө , МУИС Нийгмийн шинжлэх ухааны сургууль сэтгэл судлалын тэнхимийн Доктор, Дэд профессор Ж.Даваа , Улаанбаатар дээд сургууль Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Доктор, Дэд профессор Б.Оюунэрдэнэ, Удирдлагын академи Дэд захирал Доктор, Профессор Н. Наранчимэг , Шинжлэх ухааны академ филосоп социологи эрхийн хүрээлэн секторын эрхлэгч Г. Чулуунбаатар , МУИС-ын Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн СССХУ-ны тэнхимийн багш Ш.Эрдэнэчимэг , МУИС-ын Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн СССХУ-ны тэнхимийн эрхлэгч Г.Сарантуяа, МУБИС-ын БСС-ын Нийгмийн ажилтны тэнхимийн эрхлэгч Т.Цэндсүрэн нар хүрэлцэн ирсэн.
   Энэ уулзалтанд ирсэн эрдэмтэн багш нарын үзэж байгаагаар Монгол гэр бүлийн бат бөх байдал алдагдаж, хэврэг болсон энэ байдлыг төр анхааралдаа авч нэгдсэн нэг бодлого хөтөлбөрөөр шийдвэрлэх гэж байгааг дэмжиж байгаагаа тэд илэрхийлсэн. Өнөөдөр 7 гэр бүл дутмын нэг нь гэр бүлийн зөрчилтэй, дотоод асуудалтай байна. Монгол улсын хэмжээнд 2011 оны эцсийн байдлаар 759,9 мянган өрх байна гэсэн судалгаа байдаг. Гэтэл дийлэнх өрх гэр бүлийг эмэгтэйчүүд өрх толгойлж байна гэсэн мэдээллийг албаныхан өгч байлаа. Эндээс үзэхэд гэр бүл доторх задрал нийгмийн эмзэг асуудлын нэг болсоныг илтгэнэ.
   Тэгэхээр өнөөдөр гэр бүлийн асуудлыг төрийн бодлогоор зохицуулах нийгмийн хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болсоныг эрдэмтэн багш нар онцлон хэлж байлаа.   Харин үүний тулд гэр бүлийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн багш нарын санаа бодлыг бодлого хөтөлбөрөө тусгаж, ХАХНХЯ нь төрийн бус байгууллага болон эрдэмтэн багш нартайгаа хамтран ажиллаж байгаа гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга уулзалтынхаа үеэр тодотгосон юм.
   ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал уулзалтынхаа үеэр эрдэмтэн багш нар та бүхний санал санаачлага гэр бүлийн бат бөх байдлыг хадгалах төрийн бодлого хөтөлбөрт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрээр санал бодлоо нэгтгэж чадсан учраас одоо ажил хэрэг болгох алхамаа шуурхайлах хэрэгтэй хэмээн хэлсэн. Бид өнөөдөр гэр бүл дотор үүссэн зөрчилдөөнтэй асуудлыг хөндөн ярилцахаас илүүтэйгээр шийдвэрлэх гарцыг эрэлхийлж байна. Үүний тулд өнөөдөр Монголд гэр бүлийн дотоод асуудлыг шийдвэрлэх - гэр бүлд зөвөлгөө өгдөг төвүүдийг бий болгож, стандарт батлах ажлыг эхлүүлэх шаардлага байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд боловсон хүчнээ бэлтгэж, судалгаа шинжилгээний ажлыг хийхэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ эрдэмтэн багш нар илэрхийлсэн.
   Уулзалтын төгсгөлд нэн тэргүүнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ,иргэдэд үлгэр дууриалал болох гэрэл гээтэй мэдээ мэдээллийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдлээ. Өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон байдаг ч нийгэмд түүн дотроо нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон гэр бүлд чиглэсэн эерэг мэдээллийн цаг хомс байна. Хүүхдийн болон залуучуудын хүмүүжилд цаашлаад гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлсөн бодлого, хяналтгүй нийтлэл, нэвтрүүлгүүд цацагдаж байгаа нь эргээд гэр бүлийн хямралт байдлыг үүсгэх үндсэн шалтгаан болж байна.
   Өөрөөр хэлвэл өнөөгийн хэвлэл мэдээллийн салбар гэр бүл дээр суурьласан нийгмийн сэтгэл зүйг эвдэж байгаа энэ байдлыг шийдвэрлэх тал дээр ХАХНХЯ бодлого хөтөлбөрөө чиглүүлэн, анхааран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн. Ер нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийг нийгмийн сайн сайхны төлөө уриалж, гэрэл гэгээтэй мэдээллийг олон нийтэд түгээх ажлыг ХАХНХЯ хийхээ мэдэгдсэн юм. Цаашдаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх мэдээ мэдээллийг цацсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх хяналтын тогтолцоог төрийн зүгээс бий болгох ёстойг ч анхааран ажиллана гэдгээ яамны зүгээс мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш