Өчигдөр үдээс өмнө /2012.01.03./ хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Түүнчлэн ”Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” УИХ-ын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг мөн хэлэлцлээ. Дараа нь Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн.
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой хоёр заалт туссан байгааг эхлээд хэлэлцсэн. Үүнд, УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдсан бол, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ, мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн Улсын Ерөнхий прокуророос гэмт хэрэгт холбогдсон гишүүнийг яллагдагчаар татах хүсэлтийг гаргаж болно гэсэн хоёр заалт багтсан байна.
Гишүүд харин хоёр дахь заалтын талаар байр сууриа тодорхой илэрхийлж байв. УИХ-ын гишүүн Н.Энхболд, Р.Гончигдорж, О.Баасанхүү нар энэ заалтыг хасах саналтай байсан нь дэмжлэг хүлээсэн. Харин УИХ-ын дэд дарга Л.Цог, Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн уг саналыг дэмжиж буйгаа хэлж, асуудал хоёр талтай, бид зөв ойлгож, олон нийтэд ч зөв ойлголт төрүүлэх ёстой юм хэмээн онцолсон. Мөн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал нь нэлээн маргаантай явж ирсэн гэдгийг дурдаад, найруулгын шинжтэй зарчмын зөрүүтэй саналаа илэрхийлж байв. Жишээ нь, “түдгэлзүүлнэ” гэсэн нь шууд утгатай гэдгийг тэрээр хэлж, “түдгэлзүүлэх эсэх” гэж засах нь зөв гэсэн байр суурьтай байв. Энэ саналтай адил утгатай найруулгын засвар хийхийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хэлж, гишүүд ч дэмжсэн. Ингээд байнгын хорооны гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад олонхи нь дэмжлээ.
“Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” УИХ-ын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүн Р.Бурмаа, Д.Дэмбэрэл нар асуулт асууж, үг хэлсэн.
Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэхдээ, “УИХ-ын дарга ажлын албаны орон тоогоо батлах захирамж гаргах”, энэ нь шинэ оны өмнөхөн хууль, эрх зүйн хүрээнд хуулинд тусгагдаад явсан гэдгийг дурдсан. Өмнө нь УИХ-ын даргын ажлын хэсэг зургаан орон тоотой байсан бол одоо ес болж, тодорхой салбарын чиглэлд зөвлөхүүд ажиллахаар болжээ.
Дараа нь Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хэлэлцэж дэмжлээ. Харин Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-дахь хэсгийн заалтыг үндэслэн Ерөнхийлөгчийн зүгээс санал болгон нэр дэвшүүлж буй Балтавын Цогоогийн асуудлыг түр хойшлууллаа.