logo
15 аймгийн 55 суманд өвөлжилт хүндэрчээ

15 аймгийн 55 суманд өвөлжилт хүндэрчээ

2013/01/05
Чуулганы нэгдсэн хуралдаанд хийх өнөөдрийн /2013.01.04/ Засгийн газрын мэдээллийн цагаар Цаг үеийн ажил, хаврын бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ.    
Цаг уур, орчны шинжилгээний газрын гаргасан мэдээллээр манай орны нийт нутгийн 80 орчим хувьд цастай байгаагаас 15 аймгийн 55 суманд өвөлжилт хүндэрсэн байдалтай байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Цаашид цас нэмж орж, цаг агаар хүйтэрвэл 17 аймгийн 91 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа юм байна. Өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн 55 сумын 27189 малчин өрхөд 5.5 сая мал өвөлжиж байна.
Цасанд боогдсон автозам, давааны цасыг цэвэрлэж зайлуулах, хальтиргаа гулгааг арилгах үүрэгтэй Шуурхай ажлын хэсэг 24 цагийн хугацаатай ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын хуралдаанаар уг ажилд тэрбум гаруй төгрөг зарцуулах шийдвэрийг гаргасан байна.
Онцгой байдлын ерөнхий газар “Зудын гамшгийн эрсдлийг бууруулах, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулан төлөвлөгөөний дагуу өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн аймгуудад Онцгой байдлын газар, хэлтсээс 1747 албан хаагч, туулц сайтай 90 нэгж автомашин, сансрын холбооны 21 гар утас,  богино долгионы 98 радио станц, хэт богино долгионы 216 радио станц, 35 байршил тогтоогчтойгоор  үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.
Мөн зэвсэгт хүчний зарим ангиудыг дайчлан ажиллүах талаар Батлан хамгаалахын сайдтай ярилцаад байгаа талаар Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан.
Эрчим хүчний хүчин чадал хүрэлцэхгүй байснаас зарим үед цахилгааны хязгаарлалт хийж байсан ч шаардлагатай арга хэмжээг авч IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, дэд станцуудыг сэлбан сайжруулснаар дээрх бэрхшээл шийдэгдсэн гэж тэрбээр хэлсэн.

Засгийн газраас гаргасан 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бондын хүүгийн алдагдлыг бууруулах, багасгах зорилгоор Монголбанктай зөвшилцсөний дагуу бондын эх үүсвэр зарцуулагдах хүртэл санхүүгийн менежментийн гэрээг Монголбанктай хийгээд байна гэж Ерөнхий сайд хэлсэн.

Бондын эх үүсвэрийн зориулалт, зарцуулалтыг оновчтой, үр дүнтэй байлгахын тулд Ерөнхий сайдаар ахлуулсан бодлогын зөвлөлийг байгуулжээ.

Бодлогын зөвлөлөөс тэргүүн ээлжинд хэрэгжүүлж болохуйц доорх төсөл, хөтөлбөрийг тогтоогоод байгаа бөгөөд цаашид төсөл, хөтөлбөр бүрээр нарийвчлан авч хэлэлцэж шийдвэрлэх юм байна. Үүнд:

•    1800 км шинэ төмөр зам барих
•    “МИАТ” компанийн парк шинэчлэлтэнд онгоц авах
•    2013 онд 6 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбох
•    Улаанбаатар хотын дундуур хөндлөн гарч буй төмөр замыг Богд уулын урдуур шинээр тавих
•    Нефть боловсруулах үйлдвэр барих
•    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт хийх
•    “Багануур” ХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт хийх
•    Цементийн хэрэглээг дотоодын үйлдвэрүүдээс 100 хувь хангадаг болох
•    Төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор барих
•    Аймгуудын дэд бүтцийг сайжруулах
•    “Сайншанд” аж үйлдвэрийн парк байгуулах
•    Экспорт нэмэгдүүлэх хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрүүд барих
•    Томоохон нүүрсний ордуудыг түшиглэн цахилгаан станц барих
•    Усан цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүүчний нөөц бололцоог түшиглэн цахилгаан станц барих
•    Нийслэл хотод газар доорх байгууламж барих “Метро” гэх мэт
•    Төрөлжсөн “Гудамж” төсөл
•    Нийслэл хотын эрчим хүчний хэрэглээг зөв зохицуулах “Цахилгаан сүлжээ” төслүүд багтсан байна.

Харин Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр дараах байдалтай байгаа юм байна:

Зориулалт    Эцсийн үлдэгдэл
/2011.12.31/    Эцсийн үлдэгдэл
/2012 ХБГ/
4,000 орон сууц хөтөлбөр    137,000,000,000.00    72,025,000,000.00
Банкны бүтцийн өөрчлөлт    80,000,000,000.00    60,000,000,000.00
Ноос, ноолуурын салбар, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих    286,330,600,000.00    197,040,000,000.00
Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх    0.00    375,664,960,000.00
Хүний хөгжил сангийн
Засгийн газрын бонд    0.00    313,100,000,000.00
НИЙТ    503,330,600,000.00    1,017,829,960,000.00

    Анх 150,0 тэрбум төгрөгийн бонд гаргасан 4,000 айлын орон сууц хөтөлбөр эргэж төлөгдөөд хэвийн явагдаж байгаа бол Зоос банкны бүтцийн өөрчлөлтөнд зориулж гаргасан 100,0 тэрбум төгрөгийн бонд одоо 60,0 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй буй юм байна.

Ноос, ноолуурын салбар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд зориулж гаргасан 286,0 тэрбумын бондын үлдэгдэл 200,0 орчим тэрбум төгрөг сангийн эргэлтэд зарцуулагдаж байна гэж мэдээлэлдээ хэллээ.
Өнгөрсөн онд нүүрсний үнийн уналтаас шалтгаалж гарсан төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр 313,0 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Түүнчлэн Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуулийн өмнө олгосон 1 сая төгрөгийг Монголбанкнаас зээл авч олгосон нь Хүний хөгжил санд өр болон үлдэж байгаа ажээ.
Засгийн газрын дотоод үнэт цаасны өрийн үлдэгдлийн 70 орчим хувийг 2012 оны төсвийн алдагдал болон Хүний хөгжил санд зориулж гаргасан бондын үлдэгдэл эзэлж байна.
Өнгөрсөн онд “100.000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд гаргасан 6 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр Засгийн газарт өнөөдөр том дарамт авчраад байна гэж Ерөнхий сайд хэлээд хямд эх үүсвэр байхгүй байж ард түмэнд амласан хөтөлбөр зогсоход хүрч 2000 орчим залуусыг хохироох нөхцөл бүрэлдээд байгаа учир Засгийн газраас энэ асуудал дээр ажиллаж, гарц хайж байна гэлээ.
Шинэчлэлийн Засгийн газар цаашид “100.000 айлын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэх бөгөөд эрэлт, нийлүүлтийг сайтар тооцож, бага, дунд орлоготой иргэддээ боломжийн метр квадраттай, боломжийн үнэтэй, зээлийн эргэн төлөлт нь иргэдийн нуруун дээр сар тутам дарамт бага үзүүлэх тийм хөтөлбөр хэрэгжүүлэх болно гэж тэрбээр хэлсэн.
Ерөнхий сайд мэдээллийнхээ төгсгөлд Орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу ирүүлсэн 15 аймгийн Засаг дарга нарыг томилоод байгаа бөгөөд үлдсэн 6 аймгийн хувьд хууль, шүүхийн маргаантай асуудлууд байгаа учир эдгээрийг нягтлан шалгаж, ойрын үед Засаг дарга нарыг томилох болно гэлээ.
Ерөнхий сайдын мэдээллийн дараа гишүүд асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б. Гарамгайбаатар,
Алтанбулаг-УБ-Замын-Үүд чиглэлийн замын асуудал концессын гэрээгээр хийгдэх тухай яригдаад нэлээд удлаа. Замын ажил зогссон харагдаад байна. Концессын гэрээнүүдийг дахиж хийх үү, хуучин гэрээгээр үргэлжлүүлэх үү. Чандаганы цахилгаан станцын төслийг Канадууд хэрэгжүүлэх тухай яригдаад байсан. Энэ төсөл хэрэгжих үү, зогсох шатандаа орсон уу. 1 км замын өртөг хэд байгаа вэ. Бодитой тооцоо судалгаа бий юу гэж асуусан. Салбарын сайдууд, албаны хүмүүсийн хариулснаар Чандаганы цахилгаан станцын хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн ч гагцхүү цахилгааны тарифын асуудал дээр гацаад байгаа юм байна. Одоо мөрдөж буй цахилгааны 5-6 центийн үнэтэй байгаа бөгөөд энэ тарифаар гэрээ хийвэл ямар аж аж ахуйн нэгж ашигтай ажиллах боломжгүй гэсэн хариулт өгдөг юм байна. Тэд ядаж 8 центээр цахилгаан нийлүүлэх гэрээ хийх хүсэлт тавьдаг ч салбарын яамны зүгээс тус компанийнхантай олон удаа уулзан үнийг нь  буулгах талаар ярилцжээ. Хамгийн сүүлд ярилцаад 6.75 цент гэсэн үнэ дээр очин зогсоод байгаа ажээ.
Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замыг барих концессын гэрээний жагсаалтыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
1 км замын өртгийг Зам тээврийн яаманд байгуулагдсан ажлын хэсэг тооцон бүх задаргааг хийж үзээд 800 саяас 1 тэрбум төгрөг гэсэн дүнг гаргасан байна. Автозамчдын авч буй цалин бага байгаа учир тэдгээр ажилчдын цалинг өсгөсөн дүнгээр дээрх тооцоонд багтаасан юм байна.
Г.Бүрэнжаргал
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш