Энэ өгүүлбэр ганц кинон дээр бус амьдралд биелэлээ олжээ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас намын дарга Н.Энхбаярыгаа нэр дэвшүүлнэ гэсэн тавхан үгнээс айхдаа түүнийг дамжин өнгөрөх хорих 401 дүгээр ангид түгжсэн. Ингэхдээ бүр янаглан хорлож 12 хэмийн хүйтэн өрөөнд залхаан цээрлүүлээд арав гаруй хонож байгаа. Угаас биеийн байдал нь дор байсан Н.Энхбаяр даарсандаа уруул ам нь хөхөрч, бээрсэн байдалтай байсныг олон хүн мэднэ. Бас гэрчилнэ. Гэтэл анхаарлын төвд ороод байгаад нь ч тэр үү, аль эсвэл шинэ баригдсэн хорих анги болохоор нь ч тэр үү нэр бүхий УИХ-ийн гишүүдээр ахлуулсан Хүний эрхийн дэд хороо тухайн байгууллагад нөхцөл байдалтай нь танилцахаар, бүр тодруулбал шалгалт хийхээр өнөөдөр очиж байгаа. Энэ тухай эртлэн мэдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид 12 хэмийн хүйтэн өрөөг 25 хэм болгоод зогсохгүй бүр хивс дэвсэн нөр их бүтээн байгуулалтыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хоригдож байгаа өрөөнд хийжээ. Тэгээд шалгалтынханд сайхан харагдахын тулд, нүгэлийн нүдийг гурилаар хуурч “Шинэ халаадаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг тавиарай” гэсээр гурав дахь өдрийнхөө нүүртэй золгож байна. Хачин юм шүү. Магадгүй шалгалтынхан яваад өнгөрвөл тэд халаасан дулаанаа татаж, дэлгэсэн хивсээ хураах болов уу.