logo
Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

2013/01/09

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2013.01.08/ хуралдаанаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг ҮАБЗ-ийн тэргүүний зөвлөхөөр ажиллуулах орон тоог бий болгох, улмаар туршлагатай хүмүүсийг төрийн бодлого боловсруулахад татан оролцуулахаар энэхүү хуулийг боловсрууллаа хэмээн танилцуулсан юм.     

ҮАБЗ-ийн тэргүүн шаардлагатай гэж үзвэл уг зөвлөхөөс зөвлөмж авахаас гадна өөрөө ямар ч асуудлаар ҮАБЗ-ийн тэргүүнд зөвлөмж гаргах, ҮАБЗ-ийн тэргүүнээр уламжлан ҮАБЗ-д зөвлөмж хүргүүлэх эрхтэй байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Төсөлд ҮАБЗ-ийн тэргүүний зөвлөх нь Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх цалин авч, бусад баталгаагаар хангагдахаас гадна тэдгээрт гадаад, дотоодын болон хамтарсан аливаа компанид төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, зөвлөх болон зөвлөх үүрэг бүхий албан тушаал хаших, зөвлөгөө өгөх хувийн компани байгуулан ажиллуулахыг хориглон тусгажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллуулна гэж хуулийн төсөлд тусгасан нь хэр амьдралд нийцэхийг гишүүд сонирхож байлаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахгүй гэвэл яах вэ. Бизнесийн үйл ажиллагаанд оролцохыг зориглох нь зөв эсэхэд гишүүдийн зарим нь эргэлзэж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, асуудлыг дэмжиж байна. Гэхдээ хүний эрх рүү хэтэрхий халдсан юм шиг санагдаж байна. Мэдээж төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнийг гэр бүлээр нь насан туршид нь цалин хангамж өгөх нь зүйтэй. Гэхдээ хуульд нэг зүйлийг тусгаж өгөх хэрэгтэй. Ерөнхийлөгч албан тушаалаа өгсний дараа улстөрд дахин орж, намуудын харьяалалд багтахгүй байхаар хуульчилмаар байна. ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан гэж хавтгайруулахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн статусыг л авч үзэх хэрэгтэй байх гэсэн байр суурьтай байлаа. Гишүүд нэлээд хэлэлцсэний эцэст санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэнгүй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш