МУ-ын Засгийн газрын 2011 оны 367 дугаар тогтоолоор БСШУЯ-ны захиалгаар Налайх дүүргийн Шивээтийн хөндийд байгуулагдахаар төлөвлөгдөж байсан Их сургуулиудын хотхоны газрын байршил нь Багануур дүүрэгт шилжсэн юм. 2012 оны 1-р улиралд тендерт шалгарсан 5 байгууллага байрзүйн дэвсгэр зургийг 1:500 масштабын нарийвчлалтайгаар зураглах ажил, төлөвлөлтийн талбай дахь инженер геологийн судалгааны ажил болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэж дуусжээ. Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанаас тус хотхоны ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах тендерийг зарлаж АНУ, БНХАУ, БНСУ болон Монголын мэргэжилтнүүд хотхоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдлийг гаргасан байна. Их сургуулиудын хотхоны ерөнхий төлөвлөгөөний шийдлийн дагуу МУ-ын Засгийн газрын тогтоолоор олгогдсон 10000.0 га газрыг 20000.0 га газар болгон нэмэгдүүлэх шаардлагатай болсон тул Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанаас газрын хэмжээг нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлжээ. Улаанбаатар бүсийн хөгжлийн хөтөлбөр, хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хот байгуулалтын талаарх төрийн бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтран ажиллах тухай саналыг Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанд хүргүүллээ гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.