УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.01.11-ний өдөр/ нэгдсэн хуралдаан 10 цаг 40 минутад 51.4 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх төсөл санаачлагчийн танилцуулгыг гишүүн Г.Уянга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Б.Болор нар танилцуулав. Гишүүн Г.Уянга төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан хүн дотоод, гадаадын компанид зөвлөхөөр ажиллаж байгаа нь төрийн бодлого, мэдээллийг ашиглуулагч болон хувирч болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс хуулийн төсөл санаачлан боловсруулж, төсөлдөө Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг ҮАБЗ-ийн тэргүүний зөвлөхөөр ажиллуулах орон тоо бий болгох, улмаар туршлагатай хүмүүсийг төрийн бодлого боловсруулахад татан оролцуулах өөрчлөлтийг тусгасан байна. Түүнчлэн зөвлөх нь Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх хэмжээний цалин авах, бусад баталгаагаар хангагдах нь зүйтэй гэж үзжээ.
Г.Уянга гишүүний санаачилсан энэхүү хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжээгүй юм байна.
Төслийг хэлэлцэх явцад байнгын хорооны гишүүн Б.Гарамгайбаатар төрийн гурван өндөр алба хашиж байсан хүмүүс хуулийн дагуу бүрэн эрхийн хугацаагаар төрийн тусгай хамгаалалтад байгаа, түүний дараа томоохон аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгөх, их, дээд сургуулиудад багшлах зэргээр улс төрд ажилласан туршлагаа ашиглаж ажиллах нь зүйтэй, төсөлд хүний эрхийг хязгаарласан байгаа тул хуулийн төслийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байсан бол гишүүн Б.Болор хуулийн төсөлд ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийн бизнес эрхлэх, компанид хувь эзэмших эрхийг хязгаарлах, ҮАБЗ-ийн тэргүүний зөвлөхөөр өөрсдийнх нь саналыг харгалзалгүй шууд томилохоор тусгасан нь учир дутагдалтай байгаа тул төслийг боловсронгуй болгож байж хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хэлжээ.
Мөн байнгын хорооны гишүүн, УИХ-ын дарга З.Энхболд “Төсөлд ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бүх хүмүүст насан туршийн цалин, хангамж олгохоор тусгасан нь боломжгүй зүйл. УИХ-ын даргыг энд хамруулах шаардлагагүй, одоо мөрдөж байгаа хуулийн дагуу тусгай хамгаалалт нь Ерөнхийлөгчөөс бусад албан тушаалтанд заавал байх шаардлагатай эсэхийг дахин авч үзэх, Ерөнхийлөгч байсан хүн гадаад, дотоодын аж ахуйн нэгжид зөвлөгөө өгч, давуу байдал олгохыг хориглох зэргийг хуульд зохистойгоор тусгах шаардалагатай” гэсэн саналтай байгаагаа хэлжээ. Түүнчлэн гишүүн Р.Гончигдорж ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүс олж авсан мэдлэг, мэдээллээ тодорхой нэг сонирхлын бүлэгт ашиглахыг хязгаарлах, энэ хүмүүсийн тодорхой эрх Монгол Улсын нийтлэг эрх ашгаар хязгаарлагдах нь зайлшгүй асуудал бөгөөд үүнийг харгалзан үзэж, хуулийн төсөлд тусгах нь зүйтэй; гишүүн Д.Эрдэнэбат төсөлд ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүсээс зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг насан туршид нь тусгай хамгаалалтад байлгаж, ҮАБЗ-ийн тэргүүний зөвлөхөөр ажиллуулах, албан үүргээсээ чөлөөлөгдсөний дараа улс төр, бизнест оролцохгүй байх асуудлыг судалж, гэр бүлээр нь төрийн хамгаалалтад авахаар хуульчилж өгөх нь зүйтэй; гишүүн Д.Ганхуяг бусад орны туршлагаас үзэхэд төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, өөрийн харьяалан ажиллаж байсан салбарт ажиллах нь зохимжгүй гэж үздэг тул уг асуудлыг судлах, хүний ажил хөдөлмөрөө сонгох, өмч хөрөнгө эзэмших, улс төрд оролцох эрхийг хязгаарлаж болох эсэхийг олон талаас судлан үзэж байж энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй зэрэг саналуудыг хэлсэн байна.
Харин чуулганы нэгдсэн хуралдааны үеэр төсөл санаачлагчийн танилцуулга, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Г.Баярсайхан, Ж.Батзандан нар асуулт асууж тодруулах явцдаа хуулийн төслийн ерөнхиий агуулга, зарчмыг дэмжиж буйгаа хэлж байв. Тухайлахад, гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ асуудлыг зөвхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хүрээнд биш төрийн өндөр албан тушаалтнуудын тухайд ч авч үзэх нь зүйтэй юм, гишүүн Ж.Батзандан төрийн өндөр албан тушаалтнуудын асуудлыг зохицуулах цаг болсон, үүнтэй уялдуулж Уянга гишүүний төсөлтэй төстэй хуулийн төсөл санаачлан Засгийн газрын саналыг авахаар хүргүүлээд байгаа. Иймээс хоёр төслийг нэгтгээд хэлэлцүүлэх боломжтой гэдгээ хэлэв. Төсөл санаачлагч гишүүн Г.Уянга ч түүнтэй санал нэг байгаа, төслийг хэлэлцэхийг дэмжвэл хэлэлцүүлгийн шатанд засч сайжруулж улам чамбайруулах боломжтой гэж байлаа.
Дараа нь гишүүд хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар саналаа хэлэв. Гишүүн М.Зоригт, С.Одонтуяа нар төслийг хэлэлцэхийг дэмжихгүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжиж байгаагаа хэлсэн бол гишүүн Р.Гончигдорж төрийн өндөр албан тушаалтнууд алив ажил, асуудалд улс орныхоо эрх ашгийг урьтал болгож, улс орноо төлөөлж хандах учиртай. Иймээс нэгэнт асуудал байгаа учраас үүнийг зохицуулах шаардлагатай. Энэ бол сонирхлын зөрчлийн асуудал биш учраас төслийг хэлэлцээд явах нь зүйтэй гэлээ. Мөн гишүүн Ц.Оюунгэрэл, Н.Батцэрэг, Н.Энхболд нар төслийг хэлэлцэх нь зүйтэй юм, харин хэлэлцүүлгийн шатанд сайн ярилцаж улам чамбайруулах шаардлагатай гэсэн санал хэлэв.
Ингээд төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн байнгын хорооны санал, дүгнэлтээр санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 37 нь буюу 69.8 хувь нь байнгын хорооны саналыг дэмжээгүй тул төслийг хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.