Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн дэргэдэх Бурамэ эмнэлгийн загварыг өөрийн эмнэлэгт нэвтрүүлэх “Бурамэ-аас суралцъя” гурван сарын хугацаатай аяныг хүрээнд өрнүүлсэн ажлаа эмнэлгийн удирдлага, нийт ажилчдад танилцуулах өдөрлөгийг 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулав.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Н.Лхажий өдөрлөгийн үйл ажиллагааг нээн “Бурамэ-аас суралцъя” аяныг анх санаачилсан Б.Бямбадорж даргад эмнэлгийн нийт ажиллагсдын өмнөөс талархал илэрхийлэн, хүндэт зочдод хандан Сөүл хотын “Бурамэ” эмнэлгийн боловсронгуй технологийг хуулбарлах ажлыг амжилттай өрнүүлснийг тэмдэглэж цаашид олон түмний сайн сайхны төлөө цаг мөчтэй уралдан, хамт олноороо хичээн ажиллана гэв.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа БНСУ-ын Бурамэ сангийнханд манай эмч нарыг өөрийн зардлаар сургаж өгсөнд талархал илэрхийлэн, БНСУ-ын эмчилгээний чанар, үзүүлэлт сайныг илтгэж байдаг хэмээн онцлоод, энэхүү үйлчилгээг Монголд нэвтрүүлж буй анхдагч эмнэлэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг болж байгаа бөгөөд улмаар эрүүл мэндийн салбарт маш том хөрөнгө оруулалт хийж буйд талархалтай байна гэлээ.
Тус өдөрлөгт Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Н.Лхажий, Стратеги, төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Д.Далайжаргал, албадын дарга нар, клиникийн профессорууд, эмнэлгийн эмч, ажиллагсад оролцлоо.
Монголд эрүүл мэндийн салбарын хөгжил иргэн бүрийн тулгамдсан асуудал боллоо. Хүний анхдагч хэрэгцээ бол эрүүл байх, эрүүл мэнд бол эрхэм баялаг. Сүүлийн жилүүдэд манай оронд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлага жил ирэх тусам өсөн нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иймээс ард түмнээ урт наслуулах, хөдөлмөрийн бүтээмжтэй байлгахын тулд эмнэлгээ сайжруулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, ялангуяа тэдгээрийг өндөр хөгжилтэй орнуудаас суралцан, өөрийн эмнэлгийн хөрсөнд буулгаж нутагшуулан, бүх тасаг нэгжүүдэд нэвтрүүлэх үйл ажиллагаа чухал байна.
УНТЭ 2011 онд Солонгосын Сөүлийн Их сургуулийн харъяа Бурамэ эмнэлэгтэй Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Жил хүрэхгүй хугацаанд манай эмнэлгийн 40-өөд эмч, эмнэлгийн мэргэжилтэн зөвхөн тус эмнэлэг дээр дадлага хийж маш ихийг сурч мэдэж ирсэн. Сурсан зүйлүүдээ хэрэгжүүлэх зорилгоор Б.Бямбадорж даргын санаачлагаар 3 сарын хугацаатай “Бурамэ-аас суралцъя” аян эхлүүлж ажиллаа. Зохиогдсон аянд манай эмнэлгийн нийт эмч, эмнэлгийн ажилчид их идэвх санаачлагатай ажилласны үр дүнд нэлээд олон эерэг өөрчлөлтүүд гарсан байна.
Аяны зорилго: УНТЭ нь тусламж, үйл ажиллагаанд Бурамэ эмнэлгийн тодорхой чиглэлийн загвар, шинэ санааг 40% хүртэл нэвтрүүлж нутагшуулахад оршино.
Зорилт:
1. Эмнэлгийн тодорхой алба, тасаг, нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийх
2. Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулах, сургалтын орчинг бий болгох
3. Эмнэлгийн ээлтэй орчин бүрдүүлэх
4. Эмнэлгийн яаралтай тусламжийг Азийн загвараар зохион байгуулан ажиллуулах
5. Цахим үйлчилгээ, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх
6. Мэс засал, хагалгааны үеийн тусламж, үйлчилгээг сайжруулах
7. Сувилахуйн тусламж, үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх
Аяны хугацаанд ажлын хэсгүүд үйл ажиллагаандаа нийт 69 төсөлт ажлыг бичиж Эмнэлгий даргад хүлээлгэн өгсөн.
Аяны хугацаанд хийгдсэн ажлууд:
1. Амбулаторийн 4 кабинетийн үйл ажиллагаа, эмч нарын үзлэгийн хуваарийг Солонгосын эмнэлгийн загвараар шинэчлэн ажиллуулж эхэлсэн.
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх төслийн хүрээнд амбулаторийн шатны бариулыг зориулалтын никель бариулаар солив.
3. Зүрх судасны тасгийн эмч нарын өрөө, резидентуудын өрөө, үйлчлүүлэгчийн 1 палат, сувилагчийн постыг иж бүрэн шинэчлэлээ.
4. Хагалгааны нэгдсэн тасагт дуудлагын хонх суурилуулж ажлыг хөнгөвчилсөн.
5. Лабораторийн Blood collection бий болгох буюу клиник лабораторийн тасгийн үүдэнд дугаарлалт зохицуулах систем бүхий машин байрлуулан ажилд оруулав.
6. УНТЭ-ийн Хөдөлмөрий дотоод журамд оруулах өөрчлөлтийн саналыг Хүний Нөөцийн албанд хүргүүлсэн.
7. Эмнэлгийн нийт эмч нар болон сувилагч, цахим бүртгэлийн ажилтан, хөтөч, туслах ажилтнуудад зориулан харилцаа хандлагын сургалтуудыг явуулсан.
8. Эрчимт эмчилгээний эмч нар үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнтэй уулзах уулзалтын өрөөтэй болж, эмч нар тодорхой цагт ар гэрийнхэнтэй уулздаг, ажилбарын талаар тайлбарлах, зөвшөөрөл авах зэрэг үйл ажиллагааг тогтмол болголоо.
9. Анх удаа эмнэлгийн сэтгүүлтэй болж, анхны дугараа хэвлүүлэн уншигчдын гар дээр гаргалаа.
10. Сувилахуйн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх зорилгоор сувилагч нарын ажлын хуваарийг өөрчилж, зохицуулах сувилагчийг шинээр бий болгон, яаралтай тусламжийн шкафыг зориулалтын тэргэнцрээр сольж, цаасан салфеткийк нэвтрүүлэн, шингэн саванг тогтмолжуулан, үйлчлүүлэгчийн гудсыг халж, матраасны углааг нэвтрүүллээ.
11. Гал тогооны тасгаас өөрсдийн хөрөнгөөр хэвтэн эмчлүүлэгчдийн хоолны савыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн өөрчилж өглөө.
12. Цайны газар ажилчдад зориулсан комплекс хоолны багцуудтай боллоо.
13. Эмнэлгийн ажилчдын хувцсыг нэдсэн загварт орууллаа.