logo
УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ

2013/01/16

УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн өндөр дээд албан тушаалтнуудын зарим эрхийг хязгаарлах тухай хуулийн төсөл боловсруулан ажиллаж буй талаараа өнөөдөр /2013.01.15/ Төрийн ордны хуралдааны Г танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Одоогоор төрийн өндөр алба хашиж буй 100 гаруй хүн байгаа бөгөөд ирээдүйд энэ төрлийн алба хаших иргэн болон түүний эхнэр, үр хүүхэд гадаадад үл хөдлөх хөрөнгө эзэмших, гадаадын компанийн хувьцааг худалдан авах, банкинд харилцах хийгээд хадгаламжийн данстай байхыг хориглоно. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтан казино, мөрийтэй тоглоом тоглох, гэр бүлийн аль нэг гишүүний нэр дээр архи, пиво, тамхины үйлдвэр ажиллуулах зэргийг хуулиар хориглохоор заасан байгаа. Мөн төрийн өндөр албан тушаалтан нь гадаад эхнэр, нөхөртэй бол түүнийгээ Монгол Улсын харьяат болгох гэсэн шаардлагыг хуулийн төсөлд тусгаад байна” хэмээгээд уг төслийг боловсруулах шатандаа байгаа учир иргэд, олон нийт өөрсдийн санал бодлоо цахим хуудсаар дамжуулан илэрхийлэх боломжтой  гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдэв.

Энэ хуулийн төсөл  батлагдсан нөхцөлд төрийн өндөр албан тушаалтнуудыг дээрх шаардлагыг хангах үүднээс гурван сарын хугацаа өгөх юм байна. Үүнд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон бусад төрийн өндөр албан тушаалтнууд багтана. Өөрөөр хэлбэл, нийт монголчуудад үйлчлэх хууль биш зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудад үйлчилнэ хэмээн онцолсон юм. Гадаад эхнэр, нөхөртэй төрийн өндөр албан тушаалтнуудыг гэр бүлээ цуцлуул гэдэг шаардлага тавиагүй, гагцхүү Монголын харьяалалтай болго гэсэн. Хэн нэгний эсрэг турхирсан асуудал биш,  Монголдоо хүндэтгэлтэй хандахыг уриалсан хэрэг гэж тэрээр өөрийн байр суурийг илэрхийллээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан хийж буй бусад ажлынхаа талаар товч мэдээлсэн юм. Тухайлбал, 10 гаруй гишүүнийг нэгтгэсэн уул уурхайн хөгжлийн болон цөмийн энергийн асуудлаар албан бус бүлгүүдийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулж байгаа гэлээ. Мөн УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс гишүүдийг хурууны хээгээр санал өгдөг болгох хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт УИХ-ын даргад өргөн барьжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш