Тус ажлын хэсэг Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулсан бөгөөд уг төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэний эцэст гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг мэргэжлийн хяналтын байгууллага, Улаанбаатар хотын удирдлагатай хамтран нийслэлд явагдаж байгаа барилга байгууламжийн ажлыг шалгаснаар барилга, барилгын үйлдвэрлэлтэй холбоотой 15 мянга гаруй зөрчил илрүүлсэн байна. Ажлын хэсэг хяналт шалгалтын дүнгээ УИХ-ын Эдийн засгийн болон НББСШУБХ-дын хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэхэд Барилгын ба Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчил дутагдлыг арилгуулах, эдгээр хуулийг боловсронгуй болгох чиглэлээр УИХ тогтоол гарган Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай хэмээн үзжээ.
Хоёр заалт, 14 дэд заалт бүхий энэ тогтоолын төсөлд барилгын болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, барилгын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, шат дамжлагыг багасгах, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт шалгалтыг чангатгах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, хууль тогтоомж зөрчсөн этгээдтэй хариуцлага тооцох зэрэг асуудлыг тусгасан байна.
Байнгын хороогоор төслийг хэлэлцэх явцад хорооны бүх гишүүн санаа оноогоо хэлснээс заримыг нь дурдвал УИХ-ын гишүүн Г.Батхүү төслийн хэлэлцүүлэг нь барилга байгуулалтын ажил эхлэх дөхөж буй энэ үед цаг үеэ олсон, шийдвэрлэвэл зохих чухал асуудал мөн болохыг тэмдэглээд төслийн 1-р заалт буюу барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт хийж цэгцлэх зэрэг ажлыг 2013 онд багтаан хэрэжүүлнэ гэсэн заалтыг шинэ оны барилгын ажил эхлэхтэй холбогдуулж хугацааг нь нааш татах, мөн нийтийн эзэмшлийн газарт барилга, байгууламж барихдаа тухайн газрын оршин суугчдаар заавал хэлэлцүүлж, зөвшөөрөл авдаг байх, аймаг, нийслэл, сум, дүүргийг барилга, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй болгох... гэсэн 5-р заалттай холбогдуулан барилга барих зөвшөөрөл олгохдоо заавал ерөнхий төлөвлөгөө баталсны дараа олгож байх зэрэг заалт оруулах саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн Г.Уянга гишүүн барилгын салбарын аюулгүй ажиллагаанд тавих хяналтыг эрс чангатгаж хариуцлагын механизмыг тодорхой болгох саналтай байсан бол Д.Арвин гишүүн УИХ-аас батлан гаргаж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулахын тулд хяналт магадлалын хууль батлан гаргах, Г.Баярсайхан гишүүн зөвхөн барилгын салбар төдийгүй уул уурхай, замын хөдөлгөөний аюулгүй байдалд зохих ёсоор анхаарах талаар төсөлд тусгуулах саналтай байгаагаа тус тус хэллээ. Харин С.Дэмбэрэл гишүүний хувьд төслийн 2 дахь заалт буюу “Хууль тогтоомж, стандарт зөрчиж баригдсан барилга, байгууламжуудыг буулгах, холбогдох хуульд заасны дагуу өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах...” гэсэн заалтыг хүний хувийн өмч хөрөнгөнд хамаагүй халдан Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчих вий, ийм байдлаар хандах нь ардчилсан улс орны хууль тогтоомжинд нийцэхгүй хэмээн анхааруулж байв. Энэ асуудлын хувьд Ц.Оюунгэрэл гишүүн “Барилга байгууламжийг зөвшөөрөлгүй газар барьсан бол ашиглалтынх нь татварыг өндөр болгох нь шууд нурааж буулгахаас дээр” гэсэн саналтай байсан юм.
Гишүүд барилгын ажлын явцад барилгын тухай болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигдсөнөөс болж амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор, тэтгэвэр тэтгэмж олгох, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх зорилгоор хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, материаллаг бааз, хүн хүчийг нь бэхжүүлэх зэрэг асуудлыг санал нэгтэй сайшааж төслийн агуулгыг ерөнхийд нь дэмжсэнээр тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Г. Батхүү сонордуулахаар боллоо.