logo
Оройтсон ч онцлох асуудал ихтэй хуралдаан боллоо

Оройтсон ч онцлох асуудал ихтэй хуралдаан боллоо

2013/01/17
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2013.01.16./ хуваарь ёсоор үдээс хойш хуралдлаа.

    Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эхлэн хэлэлцэж, Р.Бурмаа гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад дэмжигдсэнгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхтэй холбогдсон энэхүү асуудлыг хэлэлцэх үеэр гишүүн Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл нар саналаа хэлж байв.  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс  өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт нэгдсэн чуулганд оруулахыг байнгын хорооноос  дэмжсэн юм.

    Мөн байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Д.Батбаярын өргөдөл, хүсэлтийг хэлэлцэж, дэмжлээ.  Түүний оронд Засгийн газраас санал болгож, нэр дэвшүүлсэн Т.Хадхүүг гишүүдийн олонхи нь дэмжсэн. Т.Хадхүү улсад 23 жил ажилласан,  төрийн ажлын арвин туршлагатай, орос, англи хэлтэй эмэгтэй хэмээн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хийж байв.  

    Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны нэлээд  цагийг эзэлсэн юм. Энэ хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал  хураалт явагдах үеэр гишүүд анхааралтай хандаж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, хуулийн төслийн тав дахь зүйлд буй төрийн байгууллагын хэвлэн нийтлэх үйл ажиллагааны талаар гишүүд санал, бодлоо түлхүү гаргаж тавьсан. УИХ-ын гишүүн Г.Батхүү нутгийн өөрөө удирдах байгууллага телевизтэй байхыг хасах саналаа хэлж, энэ нь олонхи болсон намын сурталчилгааг хийдэг хэрэгсэл болж хувирдаг хуучин жишиг байгаа, гэрээ байгуулан ажиллах зэргээр өөр боломж бий  гэдгийг анхааруулж байв.  УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Х.Тэмүүжин нарын гишүүд мөн өөрсдийн саналыг илэрхийлэхийн хамт олон улсын жишиг, одоогийн төр, засгийн мэдээллийн ил тод байдлын талаар дурдаж, цаашид ямар байвал зохилтой тухай ч үгээ хэлж  байсан.

    Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд байнгын хорооны гишүүний хувьд мөн саналаа хэлсэн. Тэрээр УИХ-ын Хэвлэл мэдээллийн нэгжийн тухайд, энэ алба  хэвлэл мэдээллийн хэрэгслээс өөр онцлогтой  гэдгийг хэлж, өмнө нь  монополь байдлаар зарим телевизийн сувагтай  гэрээ байгуулж, УИХ-ын үйл ажиллагааг шууд дамжуулж байсныг больсон. Харин ямар нэг зар сурталчилгаа, өөр элдэв мэдээлэл дамжуулж, нэвтрүүлэхгүйгээр хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд шууд, саадгүй хүргэх боломжийг одоогоор  “Юнивэшн” болон зарим суваг зөвшөөрөөд байгаа гэдгийг дуулгав. “Сансар” кабелийн телевиз сигнал үнэгүй авах ч хариуцлага бас дагаж байгаа гэдгийг мөн хэллээ.

    Байнгын хорооны гишүүд, сэтгүүлчийн мэргэжлийн  хараат бус байдлыг хангах тухай хуулийн төслийн наймдугаар зүйл заалт дээр нэлээд анхаарал хандуулсан. Түүнчлэн Хэвлэлийн консул буюу хэвлэлийн зөвлөлийн асуудлаар Ажлын хэсгийн гишүүд байр сууриа илэрхийлж байв.  Энэ мэтээр Ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй гуч гаруй саналаар гишүүд санал хураалгаж,  дэмжсэн болно.

   Дараа нь УИХ-ын гишүүдийн гаргасан найруулгын шинжтэй саналуудаар мөн санал хураалт явуулж, дэмжигдлээ.

   Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболдын гаргасан зарчмын зөрүүтэй гурван ч саналыг хэлэлцэхэд нэгийг нь гишүүд дэмжсэн юм.  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санал “сэтгүүлч гэж хэнийг хэлэх” тухай “тодорхойлолт” ч анхаарлын төвд байсан бөгөөд  дэмжлэг хүлээсэн. Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны уг хуулийн төслийг хэлэлцэн оруулж ирж буй санал, дүгнэлтийг мөн сонссон.

 

   Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын  гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн, УИХ-ын гишүүн М.Зоригт нарын өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэхийг гишүүд дэмжсэн ч нэлээд мэтгэлцэх хандлагатай байсан. Агуулга нь адил төстэй тул хамтатган хэлэлцээд явъя гэсэн байр суурийг зарим нь илэрхийлж, харин нөгөө хэсэг нь  байнгын хорооны гишүүдийн тоог нэмэх, ирцийн асуудлын хариуцлага хоёрыг багцлан хэлэлцэх боломжгүй гэж байсан ч эцэст нь хуулиудын төслийг хэлэлцэхийг дэмжсэн.

  Төрийн ордны “В” танхимд үдээс хойш 14.00 цагийн орчмоос эхлэн хуралдсан байнгын хорооны хуралдаан нэлээд сунжирсан төдийгүй  оройхон “Б” танхим руу шилжин хуралдаж,  Түр хороо / Уул уурхайн/ байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, зарим аймгийн Засаг даргын томилгооны тухай асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг  сонссон юм.

   Байнгын хорооны хуралдаан үдэш 20.00  цаг өнгөрөөж өндөрлөлөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш