Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагчдын ажлын байран дахь мэдлэг, чадварын хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан сургалтын хөтөлбөрийн модулиар “Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагчдын чадамжид суурилсан сургалт”-ыг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр нээлтээ хийв.
Нээлтийн эхэнд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Нюнт-Ю Сой-д болон ДЭМБ-ын хамт олонд хандан ЭМЯ-ны зүгээс болон хувиасаа талархал илэрхийлээд, сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах нь ажлын хэсгийн үүрэг хэдий ч сургалтын үр дүн нь Та бүхний ажлын ахиц болон амжилтаар тодорхойлогдох болно гэдгийг цохон тэмдэглэлээ.
Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулахад ЭМЯ-ны зүгээс анхаарлаа хандуулж ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд дараах ажлуудыг хийсэн байна. Үүнд:
- “Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч” хүн ажлын байран дээрээ юу хийдэг вэ? гэдгийг дакум судалгааны аргаар тодорхойлж, нийт 8 үүргийн 82 ажилбарыг хийдэг болохыг тогтоосон.
- Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагчдын ажлын байран дахь мэдлэг, ур чадварын хэрэгцээг асуумж судалгаагаар тодорхойлж, тэдний чадамжид үнэлгээ өгч ажилласан.
Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд ЭМЯ-тай хамтран Мэргэжлийн хяналтын байгууллага, ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаач нар идэвх зүтгэлтэй ажилласныг Дэд сайд Ж.Амарсанаа хэллээ.