logo
 “Сэтгэлийн дэм”  тусламжийн цувааны түрүүч  хүрэх газартаа очжээ

“Сэтгэлийн дэм” тусламжийн цувааны түрүүч хүрэх газартаа очжээ

2013/01/18
Гишүүд, дэмжигчдийнхээ хандиваар  өвөлжилт хүндэрсэн аймгууд руу  гаргасан МАХН-ын “Сэтгэлийн дэм”  тусламжийн цувааны түрүүч  хүрэх газартаа очжээ. Өвөлжилт хүндэрч цасны зузаан 20-60 см хүрсэн 15 аймгийн 55 суманд  тусламж хүргэх цуваагаа тус нам  Өвөрхангай аймгаас  эхлүүлсэн нь энэ юм. Тус  аймгийн малчид Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын 2009 онд гаргасан  санаачилга өнөө хүртэл хэрэгжиж, малчин биднийгээ мартаагүй байгаад  талархаж байна хэмээн ярьж байна.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр албаа хүлээлгэж өгснөөс хойш    “Хөдөөгийн хөгжлийн төв” ТББ санаачлан байгуулж, орон нутгийн хөгжил, нийгмийн чиглэлд өөрийн хэрэгжүүлж ирснийг үргэлжүүлсэн юм.  2009 онд буюу  монгол оронд сүүлийн  30 жилд болоогүй зуд хүн, мал хоёрын шандсыг сорьсон   хүнд үед тусламжийн цуваа гаргаж, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын байдалтай биечлэн  танилцах ажлыг Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгаас эхлүүлж байв. Мөн   тусламжийг цуваатай хамт  эмч, мал зүйч гээд цомхон багийг  хөдөө орон нутагт   ажиллуулсан юм.
 Түүний байгуулсан ТББ-д тухайн үед хүүхэд залуучууд,эмэгтэйчүүд, ахмадын байгууллага, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын холбоо зэрэг байгууллага  гишүүнээр нэгдэж, хандив, тусламж цуглуулан гурван аймгийн 62 суманд 1200 хайрцаг тусламжийн бараа хүргэсэн.  Хандив, тусламжийг эздэд нь хүргэж өгөхөд  аймаг, сум, баг бүрт  сүлжээтэйгээр нь  МУЗН-ийг сонгон ажилуулж байсан юм. 
Олон хот айл, малчдын отогт очсон гурав дахь Ерөнхийлөгч 2009 онд баруун аймгуудад ажиллахдаа үхтэл үр, үгүйртэл мал харам гэгчээр хамаг малаа барчихаад хаачихаа мэдэхгүй шокийн байдалтай байгаа, банкнаас зээл аваад малаа барж,  төлбөрийн чадваргүй болсон, даралт нь ихэссэн, малаа эрж яваад гэмтэж бэртсэн малчидтай уулзаж  ярилцаж байв. Мөн малчдын байр суурийг нэгтгэж  холбогдох байгууллагуудад хандан асуудал дэвшүүлж УИХ-аас шийдвэр гаргуулж байсан юм. 
Тамирдаж, муудсан малаа  гэртээ оруулан дээл, хувцсаараа нэмнэчихсэн, цайгаа хувааж уух нь холгүй суусан  малчин  2009, 2010  оны өвөл олон  байсан бол энэ  жил тэрхүү байдал давтагдаж мэдэхээр байгаад МАХН-ынхан  сэтгэл зовниж  даргынхаа хийж хэрэгжүүлж ирсэн ажлыг  ийнхүү үргэлжлүүлжээ.  Мөн үүгээрээ бусад нам  улстөрийн хүчнүүдийг уриалан дуудах эхллийг тавьсан байна.
Бид өнгөрсөн пүрэв гаригийн өглөө хотоос гарч  Элсэн тасархайд хүрч, тэндээсээ гурван км орчим яваад Өвөрхангай аймгийн Бүрд сумын  малчин Ч.Чойжинхорлоо, Б.Нацаг нарынхаар орлоо. “Өвс, тэжээлээ  малчид өөрсдөө эрвийх, дэрвийхээрээ бэлтгэсэн, Засгийн газраас ч хандив тусламж ирүүлж,  орон нутгийн удирдлагууд санаа тавьж байна. Гэсэн ч ихэнх нутгаар хүйтний эрч чанга байгаагаас мал осгож, хөлдөж үхэж байгаа”-г  малчин  Ч.Чойжинхорлоо  ярилаа. Тэднийх 400 гаруй толгой малтайгаас тал хорогджээ.  Малаа барчихвал, яажшуу амьдарна даа гэсэн бодол сэтгэл зовоож байгааг  тэр хэллээ. Цаашаа 25 км яваад Есөнзүйл сумын малчин Ц.Нэргүй, Н.Гомбосүрэн, В.Галсантогтох нарын хот айл, Хужирт сумын малчин Д.Жанчив, Н.Алтаншагай, Г.Гүржав нарын хот айлд очиход энэ жил их төлөв урдаасаа салхи, шуургатай. Хотны  амаар цас шуурч, хашаа хороогоо дулаалж, эсгий нөмөргөөд ч нэмэргүй. Өглөө бэлчээхэд  захаар нь  байгаа мал тав, зургаагаараа  хөлдчихсөн байдаг. Өвс тэжээлээ бараг дууссан тул үхэр нь хониныхоо  ноосыг зулгаагаад, хонь нь үхэр, адууны сүүлийг зулгаагаад идчихдэг болжээ. Хүйтэнд сарлаг, хонь, ямаа, адуу голдуу  хорогдсон, түлээ муутайгаас малчид өөрсдөө ч хөлдөх осгох  аюул ойрхон байгааг  хот айлынхан  ярьж байна. Малчдын сэтгэлийг шаналгасан  бас нэг  зовлон нь банкны зээл, оюутнуудын  сургалтын төлбөр.  Тиймээс “Үр, хүүхдээ боловсролтой болгохын төлөө чармайж байгаа ч малаа барснаар үлдсэн төлбөрийг төлж чадахгүй боллоо. Төр засгаас бидний амьдрал ахуйг нүдээр харж, шийдвэр гаргах хэрэгтэй байна. Бодлого, бодит байдлын хооронд  ихээхэн зөрүү бий. Тиймээс өвөлжилтийн байдлыг нүдээр үзэж, малчдын амьдралтай биечлэн танилцсаны хувьд мөн төрийн ачаа үүрэлцэж ирсэн хүний хувьд, хөдөөд хандсан   “Хөдөөгийн хөгжлийн төв” ТББ байгуулан ажиллаж байгаагийн хувьд  бидний санаа, бодлыг төр засагт  дамжуулж өгнө үү”  гэсэн захиас, хүсэлтийг  малчид Монгол Улсын  гурав дахь Ерөнхийлөгчид  дайж байлаа.
Энэ жил Засгийн газар мал оторлуулах, хадлан тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай гурван удаа тогтоол гаргасан. Хадлан тэжээл бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор  бага оврын техник нийлүүлж, өвөлжөө, хаваржааг нэгдсэн журмаар зохион байгуулсан. Малчин түмэндээ туслах хөдөлгөөн өрнүүлж, ОБЕГ-ын дансанд иргэд, байгуулага, аж ахуй нэгжээс 580 сая төгрөг, 50 сая төгрөгийн бараа, материал цугласан бол улсын төсвөөс 2.2 тэрбум төгрөг зарцуулаад байна. Загсийн газраас нэ сарын эхээр 13 аймагт 2200 гаруй тонн өвс,тэжээл, гурил будаа, түлш, эм зэрэг 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий тусламжийн зүйлийг хүргэх цуваа гаргаж малчдыг дэмжиж байгаад хөдөөгийнхөн баяртай байна. Харин хандив,  тусламжийг эздэд нь хүргэх, хэрэгжилтэд   анхаарах  нь зүйтэй гэсэн саналыг  хэвлэлээр дайлаа.
 Гурван аймгийн есөн сумын 24  айл, өрхөөр орж  малчидтай уулзахад  бидэнтэй хамт явсан  Д.Арвидахбаатар эмч  малчдыг үзэж, оношилж,  эмчилгээ, эмийг нь бичиж, мал зүйч Б.Минжигдорж гуай  арга зүйн зөвлөгөө өгч явлаа. Зам  цас, бартаа ихтэй  ч машины хүчээр ажралгүй туулж, хааяа төөөрснийг эс тооцвол бид зорьсон газартаа сааталгүй хүрч чадсан.  
Бидний уулзсан малчид янз бүрийн амьдралтай. Ажилсаг, авхаалжтай, арчаатай  айлын мал онд тарган  орж, эзэн нь санаа зовох зүйлгүй байгаа бол туршлага муутай, залуу малчид,  өвс тэжээлээ базаалгүй төрийн гарыг хараад сууж байгаа хүмүүсийн  мал хорогдол ихтэй  нь нүдэнд илхэн. Баруун бүсийн нутгаар сүүлийн гурван жил дараалан ган зуд болсон. Хадлан тэжээл авах боломжгүй, мал тарга тэвээрэг муутай учраас  хүйтний ая даахгүй. Зарим нь хүн бүл дутмаг, бага насны хүүхдүүдээ харах уу, малынхаа араас явах  уу гэсээр адуугаа алдчихаад араас нь явж чадаагүй гэцгээж байлаа.  Зудын аюул нүүрлэсэн ч хохирол багатай даваад гарчих хашир малчин цөөнгүй байна. Тухайлбал, Архангай аймгийн Хайрхан сумын гавьяат малчин О.Дорж  “Мал өсөхөд сэтгэл, зүтгэл чухал. Эзнээс их зүйл шалтгаална”  хэмээн ярьж байна. Тэднийх 4000 гаруй малтай. Дэлхий дэмжиж, хангай харж, төр засаг анхаарч байгаа болохоор ажрахгүй биз ээ. Гэхдээ цаг болоогүй, хавар урт учраас бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мал  төрийн хамгаалалтад байна гэж хуульчилсан юм чинь хүнд хэцүү үед  төр засгаас  малчдыг анхаарах ёстой. Гэсэн ч төрийн гарыг  харалгүй малчид өөрсдөө  хичээх учиртай хэмээн хуучилсан. Тэднийх хадлан тэжээлээ эрт бэлтгэсэн. Малынхаа хашаа хороо, хэвтэр бууцыг арчилж тордсоноор малаа хорогдолгүй авч гарчээ.Архангай аймгийн Хайрхан сумын малчин Б.Нацагдорж гуайнх малаа хорогдолгүй авч гарсан өрхийн нэг. Тэдний хөгшин Дуламсүрэн гуайг нутгийнхан ажилсаг Дууяа гэлцдэг юм билээ. Хүйтэнд мал цантах нь даарч бээрч осгоход хүргэдэг. Манайх малынхаа нурууг байнга арчиж хуурай байлгадаг. Шөнө малаа хучиж хонодог юм хэмээн хуучлах зуур Дууяа гуай хоёр ч удаа цай чанаж, хоол хийгээд амжсан. Настай хүн гэхэд гялалзуур гэж жигтэйхэн. Тос хайлж, хайлмаг хийж, өөрийн гараар түүсэн нэрс жимсийг нэрмэл архины сувстай хольж  дарс хийснээрээ шахах янзтай. Аппаратны гэрэл  гялхийлгэн зураг авах зуур  “Бурхан тэнгэр минь ээ”  хэмээн уулга алдах, цайлган тэр ижий ямар ч гэсэн очсон хүн болгоны сэтгэлд  тод үлдсэн.  
Архангай аймгйин  Өгийнуур сумын малчин Н.Өгийдалайгийнхаар очиход  өвсөө хурааж, хашаа хороогоо цэвэрлэсэн байдлаас мөн л өвлийг өнтэй давж байгаа айл байна даа гэх сэтгэл төрсөн.  Тэднийх 1000 гаруй малтай. Өвлийн бэлтгэл сайтай орсон болохоор 30 гаруй төлөг, борлон хорогдсон. Цаг гайгүй бол нэг их зутарчихгүй байх. Банкнаас  таван сая төгрөгийн зээл авсан. Ноолуур гарчихвал болчих болов уу. Гэхдээ ноолуурын үнэ унаж байгаад сэтгэл дундуур  байгаагаа гэрийн эзэн ярьж байна. Өгийнуур сумын Дойт бригадын малчин Ц.Хүрэлбаатарынхаар очиход 100 гаруй хониноос 100 орчим нь хорогдсон хямралын байдалтай угтсан юм.  Өвс муутай, отрын адуу их орж ирснээс бэлчээр талхлагдсан. Их хүйтэрснээс  мал хорогдож байна. Хавар  мал төллөхөд гаргахаар нөөцөлсөн  өвсөө дууслаа. Мал хорогдож байгааг харах хэцүү, заримдаа хямраад байх юм. Адуугаа алдчихсан, олоогүй байна гэсээр угтлаа. Гэргий С.Тунгалагтамир нь “Өдий болтол өсгөсөн малаа  нэг жилийн зудад үхүүлээд байх хэцүү юм. Энэ жил эрт хүйтэрлээ. 12 дугаар сарын 20-доос эхлэн цаг хүндэрч нөөцөлсөн өвс, тэжээлээ  дууссан. Манай хонинууд адуу, үхрийн сүүлийг  юу ч үгүй зулгаагаад идчихсэн.  Үхрүүд ч  хонины  ноосыг зулгаачих юм.  Хүн бүл муутай, нөхөр бид тэнгэр муухайрхаар хоёр тийшээ гараад явдаг. Үхсэн малаа зохисон газар луу нь зөөж гаргаад  байна хэмээн ярилаа.
Цас зудын аюул харанга дэлдэж байгаа ч хөдөөгийнхөн айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэгчээр өвлийг давахаар зүтгэж  байна. Хэцүү байгаа ч болох байх гэсэн монгол  хүний уужуу ухаан, амны билгээс ашдын билгэ гэлцдэг өөдрөг бодол сэтгэл, малынхаа араас цаг наргүй зүтгэсээр зовлон  шаналалыг  түр  ч атугай  мартсан хөдөөгийнхний дүр зургийг тэндээс харж болохоор юм. Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусла гэж монголчууд хэлэлцдэг. Тусалж, дэмжиж чадахгүй байлаа  гэхэд дулаан байрандаа дугжрах биш зорьж очоод халуун дулаан үгээ хэлээсэй.Зүдэрсэн малчдад ядаж сэтгэлийн дэм хэрэгтэй байгааг  хүн болгон бодож эргэцүүлээсэй.   
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш