logo
“Цагаан сар-Монголд үйлдвэрлэв 2013” үзэсгэлэн худалдаагаар дотоодын бүтээгдэхүүнийг хямдруулан борлуулж эхэллээ

“Цагаан сар-Монголд үйлдвэрлэв 2013” үзэсгэлэн худалдаагаар дотоодын бүтээгдэхүүнийг хямдруулан борлуулж эхэллээ

2013/01/19

“Цагаан сарын бэлэг” сэдвээр зохион байгуулсан "Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр сар шинийн баяраар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриалж, дотоодын үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдааг өргөн хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ дагуу Ерөнхий сайдын ивээл дор “Цагаан сар-Монголд үйлдвэрлэв 2013” үзэсгэлэн худалдааг өнөөдөр Цирк, Мишээл экспо, Мэдээлэл технологийн паркт нээлээ. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Жил бүрийн цагаан сараар бэлэн мөнгөө гадагш урсгадаг байдлыг ард иргэдтэйгээ, дотоодын үйлдвэрлэгчидтэйгээ хамтран өөрчлөхөөр тодорхой зохицуулалтууд хийсэн. Үзэсгэлэн худалдааны талбайн түрээсийн 50 хувийг Засгийн газраас гаргаж, хариуд нь бараа бүтээгдэхүүнээ хямдруулан худалдаалахыг үйлдвэрлэгчдэд захьсан. Иргэдэд илүү хүртээмжтэй байлгахын тулд урт хугацаанд, олон байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг Хөдөлмөрийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд даалгаса юм. Ингэснээр манай үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ сар шинийн баяр хүртэл хямдралтай үнээр худалдаалахаар боллоо. Иргэд та бүхэн тавгийн идээ, бэлгийн бараагаа энэхүү үзэсгэлэнгээс сонгоорой” хэмээн уриаллаа. 

Дотоодын бүтээгдэхүүн хямд үнэтэй, өрсөлдөхүйц чанартай, өргөн сонголттой болсныг харуулахын зэрэгцээ шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах боломжийг үндэсний үйлдвэрлэгчдэд олгохоор ийнхүү Засгийн газраас дэмжлэгүзүүлэн талбайн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж,10-25 хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байгааг Ерөнхий сайд онцолсон юм.

Үзэсгэлэн худалдаанд хүнсний 200, барааны 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр 350 үйлдвэрлэгч оролцож, сар шинийн бэлгэнд зориулсан бараа бүтээгдэхүүнээ 50 хүртэл хувиар хямдруулан худалдаалж байна. Ингэхдээ сар шинийн бэлгэнд зориулан 20 мянган төгрөгөөс доош үнэтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд давуу эрх олгосныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал тодотгон хэллээ.

Мөн оролцогч байгууллагуудыг үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр нь төрөлжүүлсэн бөгөөд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид “Аса” циркт хоёрдугаар сарын 10 хүртэл, хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчид “Мишээл экспо” төвд нэгдүгээр сарын 31 хүртэл, Мэдээлэл технологийн үндэсний парк буюу “IT world” төвд хоёрдугаар сарын 10-ныг хүртэл бараа бүтээгдэхүүнээ нэг дор дэлгэн худалдаалнагэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш