logo
Бага гаригийг “чирж” авчираад сарны тойрог замд оруулах нь

Бага гаригийг “чирж” авчираад сарны тойрог замд оруулах нь

2013/01/21
Сансарын хөлгөөр жижигэвтэр бага гаригийг олзолж авж авчираад сарыг тойрон эргэдэг болгох боломжтой юу? New Scientist сэтгүүлд саяхан гарсан нийтлэлийн дагуу бол үнэхээр ийм зүйлийг зориглон хийхээр 2.6 тэрбум ам долларын өртөгтэй төслийг НАСА нилээн нухацтайгаар эргэцүүлж байгаа юм байна.

Яг төлөвлөгөөний нарийн ширийнийг нь хараахан ил болгоогүй, угаасаа ямар аргачлалаар ямархуу технологийг ашиглаж шийдэх тухай шийдвэр энэ тэр гарах болоогүй байгаа гэнэ. Хэд хэдэн янзаар энэ ажилыг гүйцэлдүүлж болох шийдэлүүдийг харьцуулан нягталж үзэж байгаа ба ерөнхийдөө эхлээд хүнгүй автомат роботыг атлас-5 пуужингаар хөөргөөд бага гаригийн ойролцоо авчирна. Богино хугацаанд бага гаригийн янз бүрийн хэмжилтүүдийг хийж байгаад үнэхээр бидний хүссэн аврага чулуу мөн бол хөлөг маань аврага том “уут”аа сансарт дэлгэж бага гаригийг олзолоод маш алгуурханаар сарны зүгрүү зөөнө. Аль бага гаригийг олзолхоо бас шийдээгүй байгаа гэхдээ 10м-ээс бага хэмжээтэй дэлхийн ойролцоо тойрог замтай бага гаригийг 2025 он гэхэд олзолж аваад сарны дээд тойрог замд тавих төлөвлөгөөтэй байгаа аж. 6.5метрийн хэмжээтэй 500 орчим тонны жинтэй 1999 АО10 бага гаригийг дэлхийтэй ойртон ирэх үеэр нь буюу 2020 оны хавьцаа олзолж магадгүй гэж хүмүүс ярьж байгаа ч мэдээж энэ нь албан ёсны эцсийн шийдвэр нь биш. Хөлөг дэлхийгээс хөөрсөнөөс хойш бага гаригийг сарны дээд тойрог замд оруулах хүртэл нийт 6-10 орчим жил зарцуулагдана гэж урьдчилан тооцоолсон байна.

Хүмүүс бид одоогийн технологиор жишээ нь ангараг гаригруу шууд хүн явуулах ямар ч боломжгүй байгаа. Харин бага гаригийг дэлхийтэй ойрхон авчирсанаар янз бүрийн санаануудыг туршиж шинэ дэвшилтэт технологийг боловсруулах таатай орчиныг бүрдүүлж буй юм. Жишээ нь бага гаригуудад ус их хэмжээгээр агуулагддагийг бид сайн мэдэж байгаа, гэвч яаж тэр жижигхэн масстай биетээс усыг гарган авах тухай ямар ч ойлголтгүй гэж хэлж болно. Ус нь зөвхөн нисгэгчидийн ундны хэрэгцээгээр хязгаарлагдах бус, хөлөг онгоцны түлш, сансарын туяны хамгаалалт зэрэгт ашиглагдаж болох чухал эх үүсвэр юм.

Мөн дээхэн бага гаригуудад уул уурхайн олборлолт хийх технологийг боловсруулах анхны хувийн компани өнгөрсөн онд байгуулагдсан тухай энд нийтэлж байсан билээ. Бага гаригууд дээр тийм тийм чухал эрдэсүүд байгаа гэсэн ерөнхий ойлголттой л болохоос нэг ч бага гаригийг хангалттай хэмжээнд нарийн судалж байгаагүй. Харин нэгийг сарыг тойрдог болгоод тавьчихвал чухам эдийн засгийн хувьд ямар төрлийн бага гариг дээр яман янзын сансарын уул уурхайн олборлолт хийх нь ямар ашиг үр дүн гаргах вэ гэдгийг өндөр нарийвчлалтайгаар тооцох боломжтой болно.

Бас ирээдүйд дэлхийг чиглэн ирэх бага гаригийн тойрог замыг нь яаж өөрчилж аюулаас зайлсхийх тухай янз бүрийн ерөнхий төлөвлөгөөг сүүлийн 15 жилд эрчимтэй боловсруулж ирсэн. Бага гаригийг олзож аваад зөөх ажиллагаа нь өөрөө тэдгээр янз бүрийн аргачлалуудыг туршиж үзэх улам боловсронгуй болгох гэх мэтэд мэдээжийн хэрэг чухал түлхэц болно.
Жижиг хэмжээтэй бага гаригийг олзолж буй хүнгүй хөлгийг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Рик Штернбах
Жижиг хэмжээтэй бага гаригийг олзолж буй хүнгүй хөлгийг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Рик Штернбах

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нь 2010 онд НАСА-д өгсөн үндсэн чиглэлээ 2025 он гэхэд бага гариг дээр, 2030 он гэхэд ангараг гаригийн ойролцоо сансарын нисгэгчийг аваачих технологийг боловсруул гэж тодорхойлсон байгаа. Энэ үүднээс сүүлийн хэдэн жил НАСА нь шинэ пуужингийн болон сансарын хөлгийн технологиудыг эрчимтэй туршиж байгаа ба 2015 он гэхэд удаан хугацаанд бүтэн нисгэгчидийн багийг сарны тойрог замд ажилуулах чадвартай Орайон (монголоор марал) хөлгийн анхан шатны загварыг гаргаж 2017 он гэхэд анхны туршилтын нислэгийг нь хийхээр зэхэж байгаа аж. Мөн бага гаригийг олзолж авах янз бүрийн роботуудыг бүтээж 2017 оноос ОУСС дээр туршиж эхлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Ирэх хэдэн 10 жилийн хугацаанд янз бүрийн дайн дажин, байгалийн гамшиг мөн эдийн засгийн эрс уналтанд дэлхий нийт нэрвэгдчихгүй л бол бидний үеийнхэн сонин сонин юм их үзэх нь дээ.

Эх сурвалж: Одон орон.ком

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш