Уг хуралдааны нөгөө нэг асуудал нь сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд ямар хариуцлага тооцох тухай байв. Ардын хувьсгалын 91 жилийн ой буюу ноднингийн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийн хоёроос нь буюу улсын арслан Х.Мөнхбаатар, шинэ начин Б.Сугаржаргал нараас сэргээш хэрэглэсэн нь илэрсэн. Тийм болохоор уг хоёр бөхийн асуудлыг Үндэсний бөхийн салбар хорооныхон судалж, цолыг нь хураах уу, давааг нь хүчингүй болгох уу гэдгийг эргэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороонд оруулж ирэх үүрэг өглөө. Уг асуудлыг цагаан сараас урьтаж оруулж ирэхээр боллоо.
Хуралдааны бас нэгэн асуудал нь хурдан морины уяачдад улсын цол олгох тухай байлаа. Монголын морин спорт уяачдын холбооноос Даян аварга А.Сүхбатын ах манлай уяач А.Батсүх, “Алтай” констракшн компанийн захирал манлай уяач X.Бат-Эрдэнэ тэргүүтэй 19 уяачтай холбоотой асуудлыг судлаад долоог нь энэ удаагийн хуралдаанд оруулсан юм. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэн уг асуудлыг дэмжлээ. Тус хороо энэ долоо хоногт багтан ахин хуралдахаар болсон.