Энэхүү дахин санал асуулгыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд оролцсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурцаар шүүмжилсэн билээ. Шүүмжлэлийг ч хотын мэр хүлээж авсан бололтой. Дахин санал асуулгыг явуулахгүй хэмээн шийдвэр гаргажээ.
Ингэснээр нийслэлийн иргэдийг ихээр бухимдуулж улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байсан буруу талдаа хүрдтэй автомашиныг хязгаарлах явдалд цэг тавигдах бололтой. Өчигдрийн хуралдаан дээр энэ асуудалтай холбоотой Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг дахин сануулахад “Юун буруу жолоотой машин бэ? Иргэдээс нэг удаа асуулаа, 75 хувь нь үгүй гээд байхад яагаад дахин дахин асуух гээд байгаа юм? Хилээр орж ирэх машины тухай ярихаас нэгэнт орж ирээд явж байгаа машиныг хязгаарлах хэрэггүй. Энэ бол хүний эрх, энэ эрхийг засварлаж зааварлах эрх та нарт байхгүй. Дарга нараас өмнө хүний эрх гэж байсан юм” хэмээн шүүмжилсэн юм.