Энэ үеэр ҮЗХ-ны гишүүд шинээр томилогдсон Засаг дарга нарт баяр хүргэж, ажлын амжилт хүсч байв. ҮЗХ-ны хуралдаанаар намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Оюундарийг батламжилна гэж байсан ч уг асуудлыг авч хэлэлцсэнгүй.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хуралдааныг нээж илтгэл тавьсан юм. Тэрбээр “Бид ардчиллын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, ард нийтээр ардчиллыг бүрэн дүүрэн дэмжих сайхан цагийг 23 жил сэтгэлдээ тээсэн. Энэ хүсэл мөрөөдөл биелж, монгол түмэн Ардчилсан намд итгэл хүлээлгэж, ирээдүйгээ даатгалаа. Ард түмэн бидэнд ардчилсан Ерөнхийлөгч, ардчилсан парламент, ардчилсан Засгийн газар, ардчилсан орон нутгийн удирдлагын жолоог атгуулсан. Тиймээс бидэнд амсхийх чөлөө, алгуурлах цаг байхгүй.
Биднийг хийж бүтээх ажил их хүлээж байна. Өмнөх төр засаг бидэнд хүнд суртал, утга учиргүй төрийн дарамт, үнийн хөөрөгдөл, даргын бизнес болсон тендэр, цааснаас хэтрээгүй бүтээн байгуулалтын төлөвлөгөө, эрүүл мэндийн доголдсон тогтолцоо гээд ужиг бүхнийг үлдээжээ.
Бид улс оронд тогтсон ужиг бүхний эсрэг түмнийхээ төлөө хариуцлагатай ажиллах ёстой. Үүний тулд тунгалаг үйл ажиллагаатай засаг байх болно. Үүний тулд ардчиллыг дэмжигч олон мянган хүн тууштай зүтгэх болно гэдэгт итгэж байна” гэв.
Мөн тэрбээр ҮЗХ-ны гишүүддээ хандан Ерөнхийлөгчийн сонгууль АН-д их чухал учир одоогийн Ерөнхийлөгчөө дэмжиж ялуулахыг уриалав. Үнэхээр ч АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулчихвал Монголын төрийг бүрэн утгаар нь гартаа авах тул намын гишүүд дуу нэгтэй дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан юм.
ҮЗХ-ны энэ удаагийн хуралдаанаар намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах эрхийг гүйцэтгэх зөвлөлд шилжүүлэхээр болсон юм.