logo
Гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан илгээлт солилцов

Гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан илгээлт солилцов

2013/01/22

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар харилцан баяр хүргэж, илгээлт солилцов.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд илгээлтдээ, Монгол, Оросын сайн хөршийн уламжлалт харилцаа он цагийн шалгуурыг даван туулж, шинэ агуулгаар баяжин хөгжсөөр байгааг дурдаад түүхэн нөхцөл байдлын улмаас өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр Монгол, Оросын  аль алинд  нийгэм-улс төрийн тогтолцоо солигдож, ардчилсан   өөрчлөлт, эдийн засгийн либералчлал хэрэгжиж байсан  тэрхүү хариуцлагатай үед буюу 1993 онд хоёр орны анхны Ерөнхийлөгч нар Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээнд гарын үсэг зурснаар  эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л талаар хөгжүүлэх эрх зүй, үзэл санааны үндэс тавигдсаныг цохон тэмдэглэжээ.

Энэхүү Гэрээ, түүний мөрөөр байгуулаглсан зарчмын бусад баримт бичгүүд бидний хамтын зорилгыг тодорхойлж байна гээд  Оросын Холбооны Улстай стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу харилцаагаа хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгсөн төрийн бодлогоо Монгол Улс хэлбэрэлтгүй баримтлахыг илэрхийлжээ. 

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын илгээлтэнд, өнгөрсөн жилүүдэд Монгол, Оросын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн бөгөөд энэхүү харилцааг олон улс, бүс нутгийн энхтайван, аюулгүй байдал болон хоёр улсын ард түмний эрх ашгийн тусын тулд цаашид  улам бэхжүүлэх талаар хамтын хүчин чармайлтыг идэвхжүүлэх шаардлагатай байгааг мөн тэмдэглэжээ.

Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны шинэ зарчмыг тогтоож, өнөөгийн харилцааны эрх зүйн үндсийг бий болгосон түүхэн ач холбогдолтой энэхүү гэрээнд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,  ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцин нар 1993 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Москва хотноо гарын үсэг зурсан юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш