ШӨХТГ-т нийтийн тээвэр тэр дундаа такси үйлчилгээний компаниудтай холбоотой гомдол санал олноор ирэх болсонтой холбогдуулан нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа такси үйлчилгээний 16 компанийн захирлуудтай уулзалт зохион байгуулан тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо. ШӨХТГ-ын зүгээс үйлчилгээнд явж байгаа такси нь хэрэглэгчээ хүндэлдэггүй, тоолуурын заалт илүү гардаг, 1950 утсаар такси захиалахад цагтаа ирдэггүй мөртлөө утасны мөнгө төлдөг, үнэ өндөр байна гэх гомдол байнга гарахаас гадна мөн такси компани болгоны таксины өнгө өөр байгаа нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаа учраас үүнийг цэгцэлж нэгдсэн нэг өнгөтэй болох боломж юу байгаа талаар ярилцлаа. Харин такси үйлчилгээ үзүүлдэг компаниуд манай компаниудын таксины өнгийг солиход хөрөнгө мөнгө их шаардах ажил учраас саналыг хүлээж авах боломжгүйгээ илэрхийлэхээс гадна нийслэл хотод явж байгаа такси үнэхээр ачаалалаа дийлэхгүй байгаа тухайгаа учирлаж байсан юм. Энэ удаагийн уулзалтаар харилцан санаа бодлоо солилцон төрийн зүгээс такси үйлчилгээнд тавьж байгаа шаардлагыг хүлээн авах, өөрсдийн компанийн зүгээс хэрэглэгчийн эрхийг дээдлэн гомдол саналыг барагдуулан ажиллахаа уламжиллаа.