Ажлын хэсгийнхэн Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий, Баянхонгор аймгийн Галуут сум, Завхан аймгийн Улиастай, Идэр сум, Хөвсгөл аймгийн Мөрөн, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Архангай аймгийн Эрдэнэмандал, Төвшрүүлэх сумдын малчдын хотонд очиж ажилласан.
Өвөрхангай аймгийн хувьд нийт нутгаар 9 дүгээр сарын 20-ноос хойш 40 гаруй удаа их, бага хэмжээгээр цас орсны улмаас нийт нутгийн 90 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй ууландаа 25-42 см зузаан, хунгарласан газраа 50-60 см, гуу жалгандаа 120-180 см зузаан байгаа аж. Аймгийн хэмжээгээр 670 гаруй мал хорогдож цаашид ч мал хорогдол нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 19 сумын нөөцөд 384,4 тонн өвс, 276 тонн тэжээлийн нөөцтэй байна. Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсний дагуу тус аймгийн Баян-Өндөр, Бүрд, Уянга сумын хүн эмнэлэгт тус бүр нэг УАЗ-31-512 загварын автомашин олголоо. Хужирт сум нь 1900 гаруй өрхтэй 6751 хүн амтай. Зудын хүнд үед хүн амд шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон тул хүн эмнэлэгт нь УАЗ-31-512 машины түлхүүрийг Шадар сайд Д.Тэрбишдагва сумын их эмчид гардуулан өгсөн. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор автокрейдер ковош зэрэг найдвартай тоног төхөөрөмжөөр хангаж өгөхийг орон нутгийн удирдлагууд Шадар сайдаас хүслээ.
Баянхонгор аймгийн хувьд өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн нийт нутгаар 17 удаа их, бага хэмжээгээр цам орсны улмаас нутгийн 70 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтож амйгийн хойд хэсгийн сумдаар 10-15 см цасан бүрхүүл тогтсон бөгөөд шуурч хунгарласан газраа 40-60 см зузаан цас тогтоод байна гэж аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан уулзалтын эхэнд мэдээллээ. Тус ажлын хэсгийнхэн аймгийн ард иргэдтэй уулзаж Шинэчлэлийн засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж 300 тонн өвс, 100 тонн тэжээл, мөн аймгийн Онцгой байдлын хэлтэс, Буу цагаан сумын хүн эмнэлэгт нь УАЗ-31512 машины түлхүүрийг гардуулан өгсөн. Үүний дараагаар тус аймгийн Галуут сумын нэгдүгээр багийн малчин Б.Ганзоригийн хотонд ажилласан. Галуут сум нь зуншлага тааруу байсны зэрэгцээ цас их хэмжээгээр унасан учраас морь машинаар явах боломжгүй болж малчид явган болж хот нь хөлдсөн байдалтай байлаа. Бэлчээрийн даац муу, цас хэдийгээр ханзарсан ч доороос нь цухуйх өвсгүй, өнгөрсөн жилийн авсан төл бараг үхээд дуусч байгаа, үлдсэн том малаа яаж аварч үлдэнэ дээ хэмээн учирлаж байлаа. Мөн тус сум нь 2007 онд хүн эмнэлэгтээ машин авснаас хойш тасралтгүй явсаар элэгдэлд орж цаашид ард иргэддээ шуурхай эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж чадахгүй болсон талаар тус сумын их эмч Д.Ариунцэцэг танилцуулсаны дагуу Шадар сайд хүсэлтийг хүлээн авч даруй шийдвэрлэж өгөхөө амаллаа. Мөн өвлийн улиралд цасанд хаагдсан зам давааг онгойлгох, зуны улиралд үер усанд ажиллах түрэгч /Ковш /тракторыг Онцгой байдлын хэлтэст олгуулах асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрлэж өгөх хүсэлтийг тавьж байв.
Завхан аймгийн хувьд 2012 оны 10 дугаар сарын дунд үеэс эхлэн 01 дүгээр сарын 10 хүртэлх хугацаанд хангайн уулархаг нутгаар 30-41 удаа орж зарим газраа 30-90 см зузаан цасан бүрхүүл тогтож хил залгаа аймаг сумдаас 149 өрх, 354 хүн, 86.4 мянган толгой мад өвөлжиж байгаа аж. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Цэцэн-Уул, Сонгино зэрэг найман сумдад цас ихтэй, цас хатуурч хөрлөсөн, бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн байдал нь мал аж ахуйн өвөлжилт хаваржилтад хүндрэл үүсгээд байгаа талаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга мэдээлэл хийсэн. Улмаар бог малын хөл халцрах , омруутах өвөлжөө бууц хөлдсөнөөс болж ямаа хээл хаях үзэгдэл маш их хэмжээгээр гарч байгаа хэдий ч 2009, 2010 оны зудны дэргэд малын хорогдол бага энэ байдлаар байж байгаад 4 сар хүргэвэл гайгүй хэмээн Засаг даргын орлогч Б.Нямдорж хэлсэнус аймагт Улсын нөөцөөс 487 тонн өвс үнэ төлбөргүй, 454 тонн тэжээлийг 50 хувиар хямдруулж олгохоор шийдвэрлэсний дагуу өвс тэжээлийн түрүүч нь аймагтаа ирсэн байв. Энэ үеэр ажлын хэсгийхэн аймгийн орон нутгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзахад Тосонцэнгэл суманд байрлах гал унтраах аврах ангид туулах чадвар сайтай пургон автомашин олгох хүсэлт тавсныг хүлээн авсан. Мөн Түдэвтэй сумын өвс тэжээлийн агуулахыг улсын нөөцийн тэжээлийн цэг болгох хүсэлтэй байгаагаа дуулгалаа. Мөн хүн амд хүргэх эмнэлэгийн болон нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Засгийн газраас шийдвэрлэж олгохоор болсон Тэс сумын цагдаагийн тасаг, Түдэвтэй сумын хүн эмнэлэгт тус бүр нэг нэг УАЗ-31512 автомашины түлхүүрийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмянтав гардуулан өгсөн. Ажлын хэсгийнхэн тус аймгийн Идэр сумын Мануустай багийн малчин Д.Жамъянсүрэнгийн хотонд очиж танилцахад, хүйтрэлт болон бэлчээрлэлт хүндрэлтэй байгаагаас өвс тэжээлийн дутагдалд орсон нэг наст болон ядарч доройтсон мал үедэж үхэх нөхцөл байдал ч газар дээрээ бий болсон байлаа.
Хөвсгөл аймгийн хувьд 2012-2013 оны өвөл хаврын улиралд 24 сумын хөдөөгийн 83 багт 1518.7 мянган толгой мал өвөлжиж байна. Тус аймагт 11,12 дугаар саруудад 20 шахам удаа цас орж, өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан 17 сумын 686 өрхийн 14.9 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа аж. Одоогийн байдлаар 10238 толгой мал хорогдож Дархадын хотгор, Үүр Тэсийн гол хөндийгөөр шөнөдөө -48 градус, хөрсөн дээр -51 градус хүртэл хүйтэрсэн байна. Ажлын хэсгийнхэн Чандмань-Өндөр сумын Шивэрт багийн малчин Ч.Мөнхбаатарын очиход нийтдээ 16 удаа цас орж гуу жалгандаа 40-80 см цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрч, цас хатуурснаас малын туурай халцарч ямаа их хэмжээгээр хээл хаяж, сарлаг хорогдож байгаа талаар дуулгалаа. Тус сум нь малчдад туслах хөдөлгөөн өрнүүлж байгаа бөгөөд өвс тэжээл худалдан авах, тээвэрлэх айлуудыг нүүх өвсөө татахад нь туслах, зам гаргах зэрэгт нэмэлт хөрөнгө санхүүжилт хэрэгтэй байгаа учраас шийдвэрлэж өгөхийг хүсэхийн зэрэгцээ түргэн тусламжийн машиныг яаралтай шийдвэрлэж өгсөн талархалаа илэрхийлж байлаа.
Мөн Цагаан-Үүр суманд очиход малчид өтөг бууцны асуудал нэлээд хүнд хүйтэн цэвдэг байдаг талаар танилцуулж өвс тэжээлийн тусламж үзүүлэхийг хүсч байлаа. Тус аймагт Засгийн газрын шийдвэрээр Улсын нөөцөөс үнэгүй олгосон 400,0 тонн өвс нь сумдаас ирүүлсэн 800,0 тонн өвсний захиалгадаа хүрэлцэхгүй байгаа тул дахин 400 тонн өвсийг хямдралтай үнээр олгох, Цагаан-Уул, Улаан-Уул, Шинэ-Идэр сумдад сум дундын өвс тэжээлийн Фондын зориулалтаар ашиглаж байсан барилга байгууламжийг түшиглэн өвс, тэжээлийн Улсын нөөцийн цэг шинээр нэмж байгуулах хүсэлтэй байгаагаа ажлын хэсгийхэнд дуулгасан.
Архангай аймгийн хувьд 11 дүгээр сар гарсаар их бага хэмжээгээр 20 удаа цас орж аймгийн нийт нутгийн 80 хувь цасан бүрхүүл тогтож Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Жаргалант сумдын нутагт цасны хэмжээ тал газраа 30-40 см, хунгарлаж шуурсан газраа 60-70 см хүрсэн, цаг агаар дулаарсанаас цасны нягт ихсэж, хөрлөж хатуурсанаас мал бэлчээрлэхэд хүндрэлтэй, өвс тэжээлийн дутагдалд орж, дээрхсумдуудад зам даваа хаагдаж автомашин явах боломжгүй болсон байлаа. Аймгийн хэмжээгээр Хотонт, Чулуут, Жаргалант суманд нийт 3646 толгой мал хорогдсон байна.Тус аймагт цас зудын хүндрэлтэй байгаа үед малчдад туслах аяныг аймгийн Засаг дарга болон төрийн бус байгууллагын зүгээс өрнүүлсэн байв.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Хотонт, Эрдэнэ-Мандал, Хайрхан зэрэг сумдад Улсын нөөцөөс эмнэлгийн түргэн тусламжийн авто машин тус бүр нэгийг, мөн Улсын нөөцөөс 300 тонн өвс үнэгүй, 150 тонн тэжээлийг 50 хүртэл хувиар үнэ хямдруулан нэмж олгоод байна.Ажлын хэсгийнхэнд хандаж Төвшрүүлэх сумын ЗДТГ-ын автомашины хугацаа нормдуусч үүрэг гүйцэтгэх боломжгүй болж эвдэрсэн тул шинээр УАЗ-31512 олгох хүсэлтийг тавьж байлаа.