logo
 Гадаад харилцааны сайд Л.Болд ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

Гадаад харилцааны сайд Л.Болд ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

2013/01/25
Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр (ДЭЗЧУ) Монгол Улс, ДЭЗЧУ хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт Гадаад харилцааны сайд Л.Болд гарын үсэг зурав. Тэрээр 2012 оны 10 дугаар сард ДЭЗЧУ-ын дарга, профессор Клаус Швабтай уулзахдаа Монгол Улс, ДЭЗЧУ хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсон энэхүү санамж бичгийг байгуулахыг санаачлан тохирсон юм.

ДЭЗЧУ-тай байгуулсан санамж бичигт тус чуулга уулзалттай хамтран энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, чиг хандлагыг хэлэлцэх дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар заасан. Дугуй ширээний уулзалтын дүнг 2014 оны Давосын чуулга уулзалтын үеэр танилцуулах юм. Түүнчлэн санамж бичигт Зүүн Азийн асуудлаарх ДЭЗЧУ-ыг ойрын жилд манай улсад зохион байгуулах чиглэлээр ажиллах, Монголын томоохон компаниудыг ДЭЗЧУ-ын гишүүнээр элсүүлж, ДЭЗЧУ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах зэрэг чухал ажил тусгагдсан.

ДЭЗЧУ нь улс орны удирдагчид, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчид Швейцарийн Давос хотноо жил бүр нэг дор цугларч, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцдэг хараат бус, дэлхийн тэргүүлэх чуулган билээ. Иймд өнөөдөр байгуулсан санамж бичгийн дагуу тус чуулга уулзалттай түлхүү хамтран ажилласнаар улс орноо олон улсад сурталчлан таниулах, гадаадын хөрөнгө оруулалт ихээр татах боломжтой юм.

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Давосын уулзалтын үеэр шилжилт хөдөлгөөний бодлогын асуудлаар Шведийн Цагаачлалын бодлогын сайд, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Ерөнхий захирлын хамтран зохион байгуулсан албан бус уулзалтад тусгай урилгаар оролцож, шилжилт хөдөлгөөний талаар манай улсын баримталж буй бодлогыг товч танилцуулж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс 90-ээд оны эхээр ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш манай олон иргэн ажлын эрэлд гадаад орныг зорьсон тухай, тэдэнд эх орондоо буцаж ирэхэд эрх зүйн талаар манай дипломат төлөөлөгчийн газрууд сайтар тусалж байх шаардлагатайг тэмдэглэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш