logo
Барилгын материал үйлдвэрлэгчдэд урт хугацааны зээл хэрэгтэй гэв

Барилгын материал үйлдвэрлэгчдэд урт хугацааны зээл хэрэгтэй гэв

2013/01/25

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ажил байдалтай танилцаж байгаа. Салбарын сайддаа үйлдвэрлэлээ танилцуулсан Улаанбаатар менежмент ХХК-ийн удирдлагууд урт хугацаатай зээлээр дэмжих хэрэгтэйг онцолж байв.  Манайд зээлийн эргэн төлөх хугацаа бага байдгаас үйлдвэрлэгч хөл дээрээ зогсож чаддаггүй.  Улмаар барилгын материалын үнэ өндөр, хүрэлцээ хангамж хомс  байдаг гэлээ.

Улаанбаатар менежмент ХХК хуучин БҮК-ийн суурин дээр үйлдвэрлэлээ явуулж байна.  Байгуулагдсан цагаасаа хойш 10 гаруй жилд барилгын үндсэн төмөр бэлдэцийг урд хойд хөршөөс оруулж ирэхийн зэрэгцээ бетонон хийц, эдлэлийн үйлдвэрлэл эрхэлж ирсэн байна.

Барилгын материал үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын хөтөлбөрийн шугмаар өөрийн бааз суурин дээр материал үйлдвэрлэх  боломжтойгоо танилцуулсан юм. Төмөр замын бетон дэр, арматур үйлдвэрлэл зэргээ үзүүллээ.

Барилгын материалын салбарт элс хайрганы асуудал хүнд байгааг Улаанбаатар менежмент ХХК-ийн Ерөнхий захирал Д.Мөнхөө энэ үеэр хэлж байсан. Цементийн үнэ өндөр, үнийн хэлбэлзэл  ихтэй үед бусад үйлдвэрлэл хөгжинө гэж байхгүйг  тодотголоо. Цементийн үнэ 60 ам доллар дотор байх  ёстой. Ийм үнийн бодлогыг бусад улс орнууд төрийн зохицуулалттай хянаж байдаг гэлээ.

Цементийн импортыг зогсоож дотооддоо 3 сая хүртэл тонн цемент үйлдвэрлэдэг болох боломж байгааг сайд хэлсэн.  Хөтөл энэ оны сүүлч гэхэд 1 сая тонныг гаргадаг болно.  Дорноговийн Даланжаргалан дахь МАК-ийн үйлдвэр 2014 онд ашиглалтанд орохдоо мөн л 1 сая тонныг үйлдвэрлэж эхэлнэ. Бусад жижиг үйлдвэрүүдийн гаргах бүтээгдэхүүнийг нийлүүлвэл 2014 онд цементийн асуудлаа шийдэж чадна гэсэн юм.

Материал үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс тэдний төсөл хөтөлбөрүүдийг авч байгаа. Гол нь хийсэн ажилтай, шинэ технологи нэвтрүүлсэн байх зэрэг шалгуур байгааг сайд Улаанбаатар менежмент компанийн удирдлагуудад хэлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш