Швейцарын Холбооны Улсын Женев хотноо хуралдаж байгаа ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн 132 дахь хуралдаанаар тус байгууллагын реформын асуудлыг хэлэлцэж байна. ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд эхлүүлсэн реформын асуудлыг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тус байгууллагыг удирдан, шийдвэр гаргадаг дээд түвшний механизмууд болох Бүсийн хороодын чуулган, Гүйцэтгэх зөвлөл болох Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн хурлаар удаа дараа хэлэлцэж, улам боловсронгуй болгосоор байгаа юм.
Засаглалын шинэчлэл, хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүд, удирдлагыг боловсронгуй болгох гэсэн үндсэн гурван бүрэлдэхүүний дагуу шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж байгаа ба ил тод, нээлттэй засаглал, удирдлагын дор санхүүгийн хязгаарлагдмал нөөцийн хүрээнд үр дүнд тулгуурласан зөв төлөвлөлт хийж, дэлхийн хэмжээний эрүүл мэндийн бодлогыг тодорхойлон, гишүүн улсуудын хэрэгцээ шаардлагыг хангахад реформын зорилго оршиж байгаа юм.
Гүцэтгэх зөвлөлийн хуралдаанаар дээрх үндсэн гурван чиглэлийн дагуу олон нарийн асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцэж байгаа ба гишүүн улсуудын дуу хоолой харилцан адилгүй байгаа ч шинэчлэлийг цааш гүнзгийрүүлэн, хэрэгжүүлэх нэгдмэл байр суурьтай байна. Гишүүн улсуудын хувьд засаглал, удирдлагын шинэчлэлийн хүрээнд Гүйцэтгэх зөвлөл, Хөтөлбөр-санхүү, захиргааны асуудал хариуцсан хороо болон Бүсийн хорооны үйл ажиллагааг хооронд нь уялдаатай болгох үүднээс тэдгээрийн чуулах цаг хугацаа, дэс дарааллыг дахин тогтоох, санхүүгийн жилийг шилжүүлэх, төрийн бус байгууллагуудтай албан ёсоор хамтран ажиллах зарчмыг тодорхойлох, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох гэх мэтчилэн олон асуудлуудыг хэлэлцэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Үүний хажуугаар 5 дугаар сард чуулах Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд хэлэлцүүлэх тогтоолуудын төслүүдийг мөн хэлэлцэж байна.
Өчигдрийн хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн 2013-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, Зайлсхийж болох сохролоос сэргийлэх 2014-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн эрхийг хангах тухай тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал сэтгэцийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх 2013-2020 оны үйл ажиллагааны төслийн хэлэлцүүлэгт оролцож, дээрх төлөвлөгөөний төслийг Монгол улс зарчмын хувьд дэмжиж байгааг илэрхийлэхийн сацуу Монгол улсад сэтгэцийн эрүүл мэндийн судалгаа хийх, эмчилгээний үр дүн бүхий интервенцүүдийг нэвтрүүлэх, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсролыг бүх нийтэд түгээмэл болгох зэрэг асуудлаар ДЭМБ-ын техникийн туслалцаа авах шаардлагатай байгаа тухай тэмдэглэлээ.
Үдээс хойших хуралдаанаар ДЭМБ-ын Америкийн бүсийн захирлын сонгууль болж, санал хураалтаар ДЭМБ-ын Төв оффист туслах ерөнхий захирлын үүрэгт ажлыг хашиж байгаа Доминикан улсын харьяат Др. Карисса Эттиен сонгогдож, 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажилдаа орохоор болсон байна.
Мөн өдөр Сайд Н.Удвал Сасакавагийн нэрэмжит нийгмийн эрүүл мэндийн сангийн шагналын хорооны хуралдаанд оролцлоо. Монгол Улс нь Сасакавагийн нэрэмжит шагналын хорооны санал өгөх эрхтэй гурван гишүүний нэг нь бөгөөд энэ удаад дээрх шагналд Ази болон Өмнөд Америкийн хэд хэдэн улсаас нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр онцгой амжилт гаргасан нийт 9 нэр дэвшигчид өрсөлдөж, сангийн хороо сонгон шалгаруулалтыг журмын дагуу гүйцэтгэлээ.