Олон улсын Стандартын Байгууллага /ISO/-ийн Тохирлын үнэлгээний Хэлтсийн менежер ноён Лаурент Чарлетийн зүгээс Монголын Хөдөлмөрийн Ажиллагаа, Эрүүл ахуйн Менежментийн Хүрээлэн нь Их Британий Итгэмжлэлийн байгууллага UKAS-ийн лого тэмдэг ашиглан Монгол улсын хууль, журмын дагуу бүртгүүлж, баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхээ авалгүйгээр ISO 9001, ISO 14001, ISO 22001, ISO 18001–ын тохирлын гэрчилгээ олгон 50’000 хүртэл долларын хураамж авч зах зээлд шударга бус зарчмаар өрсөлдөж хууль зөрчиж буй тухай мэдээллийг Стандартчлал, хэмжил зүйн газарт ирүүлжээ.
Урьд нь БНСУ-ын “Орон солушион” ХХК нь АНУ-ын Итгэмжлэлийн Байгууллага /ANAB/-аар итгэмжлүүлсэн Менежментийн Тогтолцооны Баталгаажуулалтын Байгууллага /ICR/, Германы Итгэмжлэлийн байгууллага /TGA/-аар итгэмжлүүлсэн Менежментийн Тогтолцооны Баталгаажуулалтын Байгууллага /MSA/-ын гэрчилгээг дээрх байгууллагуудын нэрийн өмнөөс Үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллага, Их дээд сургууль, үйлчилгээний байгууллагуудад ямарч стандартын шалгуургүйгээр тогтолцооны баталгаажуулалт хийгдсэн хэмээн олгож байсныг гадаадын хөрөнгө оруулалт газар, БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран зогсоож Монгол улсад цаашид баталгаажуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцалж байсан билээ.
Сүүлийн үед Монголын Чанарын Холбоо, Монголын Хөдөлмөрийн Ажиллагаа, Эрүүл ахуйн Менежментийн Хүрээлэн, SGS Certification, MSA Certification, ICR Certification, SAI Golbal Certification Register, TUV Certification, QA International Certification Ltd зэрэг байгууллагууд Монгол улсын хууль, дүрэм, олон улсын стандартыг зөрчин хувиараа тохиролцон тохирлын үнэлгээний үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамж, хууль ёсны эрхгүйгээр менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн тухай тохирлын гэрчилгээ олгож байгаа хууль бус үйлдлийг иргэн, аж ахуйн нэгжид сонордуулж байна.
Энэхүү менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, баталгаажуулах түүгээр дамжуулан бараа бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг өөрийн орон болон олон улсад хүлээн зөвшөөрүүлэх нь ААН, байгууллагуудад зах зээл дээр давуу тал үүсгэх хэдий ч хуулийн дагуу, албан ёсоор баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй баталгаажуулалтын байгууллагад хандаж баталгаажуулалт хийлгэн гэрчилгээжих нь хүчин төгөлдөр хүлээн зөвшөөрөгддөг гэдгийг анхааруулж байна.
Стандартчилал, хэмжилзүйн тохируулагч агентлаг нь бүс нутаг болон олон улсын стандартчилал, итгэмжлэл, баталгаажуулалтын байгууллагын бүрэн эрхэт гишүүн байгууллага бөгөөд олон улсын болон Засгийн газрын өмнө тохирлын үнэлгээний төрийн ажил үйлчилгээг эрхлэн явуулах, салбарын хэмжээнд зохицуулах хууль ёсны үүрэг хүлээсэн байгууллага билээ. Иймд дээрх чиглэлийн аливаа асуудлыг манай байгууллагад хандан тодруулж, хууль, дүрмийн дагуу шийдвэрлүүлж байхыг анхааруулж байна.
Та бүхнийг үр ашиггүй зардал гаргаж хуурамч тохирлын гэрчилгээг авахгүй байхыг дахин анхааруулж байна.