logo
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэдтэй нээлттэй хэлэлцэнэ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэдтэй нээлттэй хэлэлцэнэ

2013/01/25

Нийслэл Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдлыг хангах, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллын хэд хэдэн хэсэгт  хэсэгчилсэн төлөвлөгөөг  урьдчилсан байдлаар боловсруулжээ.  Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд эхний ээлжинд VII хороолол, Дэнжийн мянга, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулахаар тусгасан байсан бөгөөд эдгээр газрууд дээр нэмэгдэн дахин 7 байршилд  гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөөр урьдчилсан байдлаар зураг төслийг гаргажээ. Эхний ээлжийн төлөвлөлтөнд орж байгаа долоон газрын байршлийг танилцуулахад, Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал орчмын 130 га газар, мөн тус дүүргийн 10-р хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байрны орчим оршин суугчдын 2,3 га газар, Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газар, Чингэлтэй дүүргийн  13, 15 дугаар хорооны 72 дугаар сургуулийн  орчим гэр хорооллын 15 га газар, Чингэлтэй дүүргийн 7-р хороо, МҮОНРТ орчмын 11,4 га газар, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Амгалан орчмын 15 га газар, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар  хороо, Цэргийн их сургуулийн орчим 93 га газарт төлөвлөлт хийхээр сонгожээ.                        

Эдгээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, эхний бүтээн байгуулалтын ажил энэ оны 3 сараас эхлэх юм. Гэхдээ иргэд газраа дахин төлөвлөлтөд оруулахдаа ямар эрх, үүрэгтэйгээр оролцож, хэрхэн саналаа оруулах талаар тэр бүр мэдээлэлгүй байгаа учраас иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нь шийдвэртээ тусгаж ажиллахыг Нийслэлийн удирдлага баримталж байгаа юм. Тиймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Д.Баттулга захирамж гарган,  хэсэгчилсэн дахин төлөвлөлтийн талаар иргэдийн саналыг авах, иргэдтэй уулзалт хийх ажлын хэсгийг байгууллаа.  Тус ажлын хэсгийхэн  2013 оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд дахин төлөвлөлтөд орох байршилд амьдарч байгаа иргэдтэй уулзаж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Ажлын хэсгийхэн 2013 оны 1 дүгээр сарын 26 буюу Бямба гаригт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо,  Баянзүрх дүүргийн  15-р хорооны иргэдтэй уулзах бол, 2013 оны 1 дүгээр сарын 27 буюу Ням гаригт Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороо , Чингэлтэй дүүргийн 13,15  дугаар хороо,  Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хорооны иргэдтэй уулзахаар болжээ. Нээлттэй хэлэлцүүлгийн хувиарийг дэлгэрэнгүй танилцуулахад:

 

сар өдөр

Эхлэх цаг

Байршил

Оролцох албан тушаалтан

Зохион байгуулагдах газар

1.26

12:00

Сүхбаатар дүүргийн 15-р хороо

Нийслэлийн Засаг даргын орлогч. НИТХ-ын төлөөөлөгч С.Очирбат

58-р сургуулийн Урлаг заал

1,26

11:00

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо

Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ

Сэтгэмж цогцолбор сургуулийн заал

1.26

12:00

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо

Нийслэлийн Засаг даргын орлогч НИТХ-ын төлөөлөгч Ц.Буяндалай

Жанжин клуб

1.27

13:00

Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороо

Нийслэлийн Засаг даргын орлогч, Н.Гантөмөр

9-р сургуулийн заал

1.27

11:00

Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хороо

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа

49-р сургуулийн  Урлаг заал

1.27

13:00

Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хороо

Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ц.Энхцэнгэл

68 дугаар сургуулийн спорт заал

 

Энэхүү хэлэлцүүлэгт оролцсоноор иргэд  гэр хорооллын дахин төлөвлөлтөнд ямар эрх, үүрэгтэйгээр оролцож, хэдэн хэсэгт, хэр хугацаанд бүтээн байгуулалтын ажил өрнөх тухай мэдээллийг бүрэн авах боломжтой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш