Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан, Монгол Улсын ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Британийн Парламент, Засгийн газар, ГХХНЯ болон холбогдох бусад яамдын ажилтнууд, Монгол Улсад сууж байсан Британийн элчин сайд нар, Монгол Улстай хамтран ажилладаг Британийн их дээд сургуулиуд, урлаг, соёл, судалгаа шинжилгээний байгууллага, худалдаа, бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, Британид ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн төлөөлөл оролцсон энэхүү арга хэмжээг Элчин сайд Б.Алтангэрэл, Британийн ГХХН-ийн сайд В.Хэйг нар нээж үг хэлэв.
Британийн ГХХН-ийн сайд В.Хэйг хэлсэн үгэндээ Британи улс 50 жилийн тэртээ өрнөдийн орнуудаас анх түрүүнд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээн ажиллуулсан бөгөөд тэр цагаас хойш Монгол Улсын хөгжил цэцэглэлт, ололт амжилтыг тухайлбал, тус улсын нэр хүнд олон улсад өсөн нэмэгдэж, эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгааг өндөр үнэлдэг. Монгол, Британийн найрсаг харилцаа эдүгээ ардчилал, хүний эрхийн зарчим, хамтын үнэт зүйлүүдэд тулгуурлан олон салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл нэн ханамжтай байна. Монгол оронд айлчлахыг хэдийнээс хүсдэг, энэхүү хүсэл маань энэ онд хэрэгжинэ. Миний айлчлал манай хоёр орны харилцааг дараагийн 50 жилд өргөжүүлэн хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлоход тус дөхөм үзүүлнэ гэж гэж найдаж байна хэмээн онцлон тэмдэглэв.
Элчин сайд Б.Алтангэрэл Монгол, Британийн найрсаг харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажилласан, тал бүрээр тусалж дэмжсэн Британийн албан байгууллага, хүмүүст талархал илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт өргөжин хөгжих бодит бололцоо уламбүр нэмэгдэж байгааг дурдсаны дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Британийн найрсаг харилцааг хөгжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бататган бэхжүүлэхэд олон жил тууштай ажиллаж жинтэй хувь нэмэр оруулсан, монголчуудын дотно анд - Британийн Парламентын Лордын танхимын гишүүн хатагтай Трюмпингтон, ноён Майкль Ховард нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнах зарлиг буулгасныг уншиж танилцуулж, Британийн нэр хүндтэй улс төрч хоёр эрхэмд шагналыг гардуулав. Хатагтай Трюмпингтон, ноён Майкль Ховард өндөр хүндэтгэл хүлээж, шагнал гардуулсанд талархал илэрхийлж, сэтгэгдлээ хувалцав.