Монгол улсын эдийн засгийн өсөлттэй уялдан, хүн амын хөгжлийн бодлого эн зэрэгцэх учиртай. Хүнээ хөгжүүлж, баялаг бүтээгчдийг бий болгохын тулд Монгол төрийн бодлогоор Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг боловсруулах шаардлагатай болж байгаа юм. Өмнө нь бид ахмад, залуу үе, хүүхдүүд, эмэгтэйчүүд гээд нийгмийн бүлгүүдийг салгаж ойлгодог байсан. Тэгвэл одоо дээрх нийгмийн бүлгүүдийг нэгтгэж, гэр бүл дээр суурьласан хүн амын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах нь ХАХНХЯ-ны зорилго юм. Гэр бүлээс хамраалгүй ахмад настан, залуучууд, хүүхдүүд, эмэгтэйчүүд гэж байдаггүй. Тэр ч утгаараа нийгмийн бүлгүүдийг нэгтгэж, Монгол гэр бүлийн бат бөх байдлыг хадгалахад Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичиг тусгалаа олно хэмээн харж байгаагаа Хүн амын хөгжил, нйигмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тодотгон хэлсэн. Энэ бодлогын баримт бичгийг боловсруулахын тулд бодит амьдрал дээр тулгуурласан иргэдийн санал бодол нэн чухал. Иймээс ахмадууд, хүүхдүүд, залуучууд, эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулж, чуулганаас гарсан санал санаачлагыг үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаж, Монгол хүний хөгжлийн цогц бодлогыг боловсруулахаар зэхэж байна. Энэ ажлын эхлэл болгож ирэх 2-р сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт Ахмадын чуулганыг зохион байгуулах ажлын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж байна. Энэ бол ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ-ийн орон нутагт хийсэн томилолтын үеэр нутгийн иргэдэд хүргэсэн онцлох мэдээ байлаа.