Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан Британийн Парламент дахь Британи, Монголын Парламентын бүлгийн дарга Эндрью Розинделлтэй энэ сарын 23-нд уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцав. Уулзалтад Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл байлцав.
Г.Цогтсайхан Монгол Улсын Засгийн газар улс орныхоо эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдаад Монгол, Британийн улс төрийн найрсаг харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт өргөжүүлэх, тухайлбал, Монгол оронд уул уурхайн боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, нар, салхины эрчим хүчийг ашиглах, экологийн цэвэр хүнс бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэв.
Британийн Парламент дахь Британи, Монголын Парламентын бүлгийн дарга Э.Розинделл өөрийн тэргүүлдэг бүлгийн үйл ажиллагааг танилцуулсны дээр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд таатай боломж нээгдэж байгааг онцлон дурдаад Британийн парламентын зүгээс авч хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар санал бодлоо тайлбарлан ярив.