“Паркаа аваръя” хөдөлгөөнд нэгдсэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн Паркийн газрын асуудлаарх 6 асуулт бүхий асуулгад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “МУ-ын Засгийн газар ҮСАХ нь залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх амралт, зугаалгын цогцолбор байх ёстой” гэж үзэж, дэмжиж буйгаа илэрхийлсэн явдал өнгөрсөн 7 хоногийн томоохон сенсаациудын нэг байлаа. Харин тус хөдөлгөөнийхөн одоо Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүлийн шийдвэрийг харж байна. “Засаг нь дэмжээд байхад үгүй ээ, паркийн газар бизнесийн зориулалттай офисс, буудлууд байх ёстой гэж л лав зүтгэхгүй байх. Засгийнхаа шийдвэрийг Нийслэл нь дагаж л таараа. Асуудал нэлээд нааштай боллоо шүү” хэмээн цахим хуудсуудаар хүүхэд залуус бичиж байна. Тэгэхээр Паркаа аваръя хөдөлгөөнийхөнд Н.Алтанхуягийн амнаас ийм үг унагааж чадсанд нь талархууштай. Паркаа аваръя хөдөлгөөний залуучуудын зорилго нь энэхүү паркийг орчин үеийн тоглоомтой цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд залуучуудад зориулсан номын сан, спорт цогцолбор, хүүхэлдэйн театр, томоохон тоглолт хийж болохуйц тайзтай талбай, кинотеатр гээд паркийн эзэмшил 30 гаруй га талбай нь бүрэн утгаараа хүүхэд залуучуудад зориулагдсан амралт зугаалгын цогцолбор байгаасай гэж л хүсэж байгаа юм.