logo
Түргэн тусламжийн үйлчилгээг 12 минутад багтаан хүргэхийг зорьж байна

Түргэн тусламжийн үйлчилгээг 12 минутад багтаан хүргэхийг зорьж байна

2013/02/02

Эрүүл мэндийн салбарт долоо хоногийн турш хүч анхаарлаа хандуулж буй Ерөнхий сайд Н.Алтанхуяг дөрөв дэх өдрөө Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллалаа. “103” гэж иргэдийн нэрлэж заншсан тус төвийнхөн 118 эмч, 58 машинтайгаар 24 цагийн турш гурван ээлжээр ажиллан, нийслэлийн зургаан дүүргийн 1.2 сая иргэнд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж байна. Яаралтай тусламжийн дуудлагын тоо сүүлийн дөрвөн жилд 65 хувиар өсчээ. Тодруулбал, 2008 онд 130 мянган хүн энэ төвд дуудлага өгч үйлчилгээ авсан бол 2012 онд 200 мянга давсан байна. Харин үйлчилгээний чанарыг илтгэх гол үзүүлэлт болох “20 минутын очилт” дөрвөн жилийн өмнө нийт дуудлагын 68,9 хувьд биелж байсан бол өнгөрсөн онд 72,5 хувь болж, бараг өөрчлөлтгүй гарчээ. Манайд одоо мөрдөгддөг стандартаар дуудлага өгснөөс хойш 20 минутын дотор түргэн тусламжийнхан очих ёстой ч цагийн дараа хүрэх хүлээгдэл байсаар байгаа нь дуудлагын ачааллаас гадна авто замын түгжрэл, замбараагүй хаягжилттай ихээхэн холбоотой гэнэ. Төвийнхний оргил ачаалал өдрийн 16-гаас шөнийн 02 цагт үргэлжилдэг ба энэ үед шаардлагагүй дуудлага багагүй хувь эзэлсээр байгааг төвийнхөн учирлалаа. Архидалтаас шалтгаалсан, эсвэл гэр бүлийн маргаанаас үүдсэн дуудлага элбэг, тэр бүү хэл тогтмол уудаг эмээ шөнө оройн цагаар эмийн сан орж авахаас төвөгшөөн түргэн дууддаг тохиолдол ч гардгийг тэд хэлсэн юм. 

Дуудлагын утас нь ч, очоод үзүүлэх үйлчилгээ нь ч үнэгүй, бас ямар нэг бичиг баримт шаарддаггүй ганц газар болохоор худал дуудлага өгч, зохиомол ачаалал үүсгэдэг байдлыг халахын тулд иргэний хариуцлагыг нэмэх зохицуулалт хэрэгтэйг төвийнхөн хэлж, гадны орнуудад хагас даатгалын тогтолцоогоор үүнийг шийдсэн байдгийг Ерөнхий сайдад дуулгалаа. Канад улсад гэхэд түргэн тусламжийн багийнхан өвчтөн дээр очих хүртлээ утсаар зааварчилгаа өгч, энэ үйлчилгээний төлбөрийг хүртэл даатгалаас хасч тооцдог байна. Эрүүл мэндийн салбарын хөгжлөөрөө үлгэр жишээ орнуудын энэ мэт туршлагыг нэвтрүүлбэл иргэний хариуцлага аяндаа нэмэгдэнэ гэж салбарынхан үзэж байна. Иргэний зүгээс ухамсартай хандах өөр хоёр шаардлагыг тэд нэрлэсэн. Энэ бол эрүүл мэндээ хэн нэгэнд даатгах биш өөрөө хамгаалах, үйлчилгээ үзүүлэхээр яваа түргэн тусламжийн машинд ямар нэг шахалтгүйгээр зам тавьж өгдөг соёлд суралцах. 

 

Төвийн хувьд нэн тэргүүнд тулгамдсан асуудал машины хүрэлцээ байсныг өнгөрсөн онд Засгийн газраас хөрөнгө гарган 30 машин нэмж өгөн шийдсэн нь ачаалал бууруулах гол түлхүүр болжээ. Гэвч олон улсын стандартаар 8-10 мянган хүн тутамд нэг дуудлагын машин байх ёстой ба манай хувьд 150 машинтай ажиллавал нийслэлийн ачаалалд нийцэх гэнэ. Хэдий тийм ч бусад нөлөөллөөс үүдсэн хүлээгдлийг бууруулахын тулд түргэн тусламжийн үйлчилгээ хүргэх цэгийн тоог нэмэгдүүлжээ. Өмнө нь ганцхан цэгээс, тодруулбал 103 төвөөс дуудлагын тэрэг гардаг байсан бол Баянзүрх, Сонгинохайрханд хоёр цэг шинээр нээж, одоо гурван салбараас түргэн тусламжийн машин 20 хүртэл км-ийн радиуст ойрхноос очиж байна. Энэ жил ийм цэгийг зургаад хүргэхээр зорьж байна. Олон улсын жишгээр тооцвол манай нийслэлд 17 цэгээс түргэн тусламж хүргэх шаардлагатай, тэгж байж “түргэн” гэсэн утгадаа дөхнө. 

Ажлын энэ мэт нөхцөл, гаргасан тооцоо судалгаанд түшиглэн Шинэчлэлийн Засгийн газраас түргэн тусламжийн үйлчилгээнд цогц шинэчлэл хийхээр зохицуулалт хийж эхэлснийг Ерөнхий сайд төвийнхөнд дуулгалаа. Тусламжийн үйлчилгээг 12 минутад багтаан дуудлага өгсөн иргэнд хүргэдэг болно. Үүний тулд нийслэлд 17 цэг ажиллуулж, энэ цэгүүдээс зөвхөн түргэн тусламж биш гал команд, цагдаа, онцгой байдал гэсэн дөрвөн төрлийн шуурхай үйлчилгээг явуулах нөхцөл бүрлүүлнэ. Одоо ажиллаж буй 101, 102, 103, 105 гэсэн дөрвөн өөр тусгай дугаарыг нэгтгэж, тогтооход амархан ганц дугаарт иргэдийн дуудлагыг төвлөрүүлж хүлээн авдаг болно. Түүгээр зогсохгүй дуудлага өгч буй иргэн ярих чадваргүй байлаа ч түүнийг олж очиж чаддаг болно. Дуудлага өгөгчийн байршлыг 50 метрийн радиуст тодорхойлох чадвартай тусгай төхөөрөмжийг дуудлагын төвд байршуулна. Мөн зориулалтын тоноглогдсон автомашинаар бүрэн хангах, шаардлагатай тохиолдолд нисдэг тэргээр үйлчлэх нөхцөл бүрдүүлнэ. Бүтэц, зохион байгуулалт, техник хангамжтай холбоотой энэ цогц ажилд шаардагдах 30 тэрбум төгрөгийг саатаалгүй шийдэж өгөх учраас шуурхай хэрэгжүүлж дуусгахыг салбарынханд даалгаснаа Засгийн газрын тэргүүн хэллээ. Товчхондоо бол 2016 он гэхэд түргэн тусламжийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэхээр Шинэчлэлийн Засгийн газар зорьж буйг Ерөнхий сайд төвийнхөнтэй уулзах үеэр тодотгосон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш