logo
“Амьдрах ухаан-амжилтын хөтөч” төслийн нээлт боллоо

“Амьдрах ухаан-амжилтын хөтөч” төслийн нээлт боллоо

2013/02/02

Амьдралын хамгийн том бахархал бол хэзээ ч унахгүйд биш, харин унах болгондоо дахин босох юм гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Амьдрах ухаан-амжилтын хөтөч” хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд оролцохдоо хэллээ. Хувь хүний хөгжлийг дэмжих энэ хөтөлбөрийг Ерөнхий сайдын ивээл дор Засгийн газар, Хувь хүний хөгжлийн институттэй хамтран хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд “Амьдрах ухааны гарын авлага” гэсэн өдөр тутмын хуанли бүхий ном хэвлэгдсэн бөгөөд энэ номыг хөтөлж, амжилт ололт болоод жил, сар, долоо хоног, өдөр бүрийн зорилтоо бичиж тэмдэглэж байвал хувь хүн хөгжинө гэж тус институтийнхан зөвлөж байна.

 12 наснаасаа тэмдэглэл хөтөлж эхэлсэн, 30 орчим дэвтэртэй  тухайгаа Ерөнхий сайд хэлээд төрүүлж өсгөн хүмүүжүүлж, аз жаргалтай амьдралын гараа, зөв амьдралын зүг чигийг заасан ээжийнхээ сургамж сургаалиас хөтөлбөрийн нээлтэд цугласан залууст сонирхуулан ярилаа.“Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” хөтөлбөрийг Шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай, орлоготой монгол хүн”, “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Зөв Монгол хүн”, “Эрүүл чийрэг Монгол хүн”-ийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болно гэж Ерөнхий сайд тодотгоод Монголын иргэн бүр зорилго тэмүүлэлтэй, ёс суртахуунтай баймаар байна. Нэг хүн, нэг гэр бүл, нэг хамт олны зөв өөрчлөлт улс орны хөгжилд ямар ч баялагтай зүйрлэшгүй үнэ цэнэтэй. Хувь хүн өөрсдийнхөө үнэ цэнэ, чадамжийг нээн илрүүлбэл, жинхэнэ өөрчлөлтийг бий болгож Монгол Улс хурдтай хөгжинө гэж хэллээ. Хүн бүрт сайхан чанар бий. Гагцхүү тэр сайхан чанарыг нь олж харах нүд бидэнд дутагддаг. Тиймээс энэ цаг мөчөөс эхлэн бие биенийхээ зөв, сайн чанарыг олж харан, бие биедээ урам өгч, дэмжиж тусалж, өөрийнхөө болоод өрөөлийн амьдралд зөв амьдрах ухааныг төлөвшүүлж, амжилт аз жаргалынхаа хөтөч болохыг Ерөнхий сайд уриаллаа.

 Энэхүү хөтөлбөр нь клубийн хэлбэрээр хэрэгжих бөгөөд гурван сарын турш сургалт явуулах юм байна. Үүний тулд сургагч багш нарыг бэлтгэсэн байна. Эдгээр багш нар амьдралын үнэ цэнэ, зорилгодоо хүрэх арга зам, муу зуршлаасаа хэрхэн ангижрах, өөртөө итгэх итгэлийг олж авах, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зөвлөгөө өгч, амжилтад хөтлөх ажээ. Тус хөтөлбөрийн ерөнхий зохицуулагчаар хүний эрхийн хуульч М.Ичинноров ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш