Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийлээ. Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хурал энэ сарын 6-нд болохтой холбогдуулан ийм мэдээлэл хийж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, тус компанийн үйл ажиллагаатай холбогдуулан сүүлийн үед гарч буй мэдээллүүдийн талаар нэгдсэн ойлголттой болох нь төрийн бодлого цааш зөв чиглэхэд чухал үүрэгтэйг тодотголоо. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд Оюутолгой төслийн барилга, бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, үйлдвэрлэл эхэлсэн хэдий ч эргэж харах, ярилцаж ойлголцох хэд хэдэн асуудал хуримтлагдаад байгааг Ерөнхий сайд хэллээ. Эдгээрийг талууд харилцан хэлэлцэхээр Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм.
Шийдвэрлэх шаардлагатай хуримтлагдсан асуудлуудын нэн тэргүүнд Рио тинто компани хөрөнгө оруулалтын зардлаа өсгөсөн явдал. УИХ-аар батлуулсан гэрээнд анхны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар хэмээн заасан байтал Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ хөрөнгийг 7.1 тэрбум ам.доллар болгон 40 орчим хувиар өсгөсөн. Төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтын нийт зардал өсөхөөр манай талд ирэх өгөөж, ногдол ашиг буурна. Иймээс Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг 2тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн шалтгаанаа тайлбарлах, өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтаа тодорхой мэдээлж байж цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө батлуулах шаардлага тавьсныг Ерөнхий сайд дуулгалаа. Өнгөрсөн хоёр жилд хөрөнгө оруулалтаа тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл баталдаг, ингэхдээ хөрөнгө оруулалт өссөн шалтгааныг тодорхой тайлбарладаггүй байв. Түүнчлэн, төслийн хөрөнгө оруулалт далд уурхай ажиллаж эхлэхэд нийлбэр дүнгээрээ 14.6 тэрбум ам.доллар байхаар Техник эдийн засгийн үндэслэлд тусгасан ч энэ дүн одоо 24,4тэрбум ам.долларт хүрэхээр 68 хувиар өсгөсөн тооцоо гаргажээ.УИХ-аар батлуулсан хөрөнгө оруулалтын дүнг ийнхүү хүлээн зөвшөөрөх үндэслэлгүйгээр нэмэн өөрчилж байгаа шалтгааны талаар Засгийн газар хөрөнгө оруулагчдаас тайлбар хүсч байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдлээ. Энэ ч үүднээс хувь нийлүүлэгчдийн хурлыг энэ сарын 6-нд хийж, Засгийн газрын шаардлагад тодорхой тайлбар өгөхөөр тов зарлаад байгаа юм.
Нэн тэргүүнд анхаарал хандуулахуйц дээрх асуудлаас гадна шийдэл хүлээж буй өөр хэд хэдэн чухал асуудал байгааг Засгийн газрын тэргүүн онцоллоо. Тус компанид ажиллаж буй монгол ажилчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудалд анхаарах, бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг ил тод болгох, дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлэх талаар хөрөнгө оруулагч талтай эргэн ярилцах шаардлагатай байна. Түүнчлэн, лицензтэй холбоотой маргааныг нэг талд шийдвэрлэх шаардлагатай. Оюутолгойн бүлэг ордын 30 хувийг өөр компани эзэмшиж байгаа нь уурхайгаас олох ашгийн 30 хувиа алдах эрсдэл дагуулж байгаа тул тус лицензийг эргүүлэн авч, хөрөнгө оруулагчид шилжүүлэх шаардлага үүсч байна гэж Ерөнхий сайд хэллээ. Ашиг сонирхлын зөрчил ч Оюутолгойд илэрснийг Засгийн газрын тэргүүн дурьдсан юм. Төслийн асуудлаар Засгийн газарт зөвлөж байсан гадаадын компани Айвенхоу майнз-д хувь эзэмшдэг нь ийм байдалд хүргэсэн байна.
Оюутолгой төслийн үйл ажиллагааны далд байсаар ирсэн мэдээллүүдийг ийнхүү төрийн түвшинд нээлттэй хэлэлцэж байгааг УИХ-ын чуулганд оролцсон эрхэм гишүүд сайшааж байв. Ийнхүү бүх түвшиндээ нэг мэдээлэлтэй болсноор уул уурхайн өнгийг тодорхойлох анхны энэ төслийн үйл ажиллагааг ил тод байлгах, үр ашгийг нь шударгаар хуваарилах зэрэг олон нааштай алхмын эхлэл болж байгаа тэд тодотгож байв. УИХ-ын чуулган дээр Оюутолгойн асуудлаар хийсэн Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултууддаа хариулт авав. Гишүүдийн асуулт, Ерөнхий сайд болон Ажлын хэсгийн хариултын дараа өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийт болон мэргэжилтнүүдийн дунд маргаан дагуулдаг хэд хэдэн асуудлаар тодорхой хариулт авч, зарим асуудлаар чиглэл өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.