УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар ярилцлаа. Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх чухал асуудлын нэгд Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл юм. УИХ дахь МАН-ын гишүүд Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх бодлогын баримтыг УИХ-аас батлахыг дэмжиж байгаа аж. Гол нь аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг нэгжийг биеэ даасан байгууллага болгож гаргах нь өнөөгийн нөхцөлд илүү тохирно гэсэн байр суурь барьж буй тухайгаа бүлгийн дарга онцоллоо.
Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Төрийн нууцын жагсаалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл аж. Эл төсөл дээр МАН-ын бүлэг хоёр ч удаа завсарлага авсан, гэхдээ өнгөрсөн баасан гаригт УИХ-аар энэхүү хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн юм. Харин тус намын бүлэг өмнөх байр сууриа хэвээр хадгална гэдгээ илэрхийллээ. Энэ тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Төрийн нууцын жагсаалтын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа. Ялангуяа иргэн, хувь хүний мэдээллийг нууцын жагсаалтаас гаргахыг дэмжих боломжгүй байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, НҮБ болон олон улсын байгууллагын конвецитай энэ нь нийцэхгүй” гэсэн юм.
Гурав дахь нь “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл аж. Бүлгийн гишүүд хуулийн төслийн хүрээнд зөвхөн нийслэлийг хөгжүүлэх хөрөнгийг дангаар ярих бус хот суурин газар болон аймгийн төвүүдийг хөгжүүлэх, хүн амын нягтаршил, шилжилтийг зогсоох талаар цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна. Тодруулж хэлбэл, хотын хөгжил, орон нутгийн хөгжил хоёрыг хамтад нь шийдэхгүй бол нийслэлийг чиглэх хүн амын төвлөрөл, нягтаршил саарахгүй байх болно гэж үзжээ. Тиймээс МАН-ын гишүүд Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 хөтөлбөртэй цуг орон нутгийн хөгжлийг хамтад нь шийдэх эрх зүйн боломжоор хангах. Хэрэв хамтад нь шийдэх боломжгүй хэмээн үзэж байгаа бол эл асуудлыг УИХ-ын хаврын чуулганаас өмнө боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэсэн заалтыг тогтоолын төсөлд тусгах байр суурийг байнгын хороо болон чуулганы хуралдаанд оруулах болно гэдгээ мэдэгдлээ. Мөн дээрх Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд газар хөдлөлтийн нөхцөл байдлыг хотын ерөнхий төлөвлөгөөний тодотголд оруулж өгөх нь зүйтэй гэж МАН-ын бүлгийн гишүүд үзсэн байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн дөрөв дэх асуудал нь өмнөх долоо хоногийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн үнийн өсөлттэй холбоотойгоор байгуулагдсан ажлын хэсгийнхний судалгааг сонсчээ. Энэ тухай мэдээллийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Су.Батболд өглөө. Тэрээр “Бид хүнсний бүтээгдэхүүний үнэ, ялангуяа гурил, махны үнийн өсөлт болон Засгийн газраас гаргасан үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийн зарцуулалт дээр шалгалт хийсэн.