Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Хадгаламж” банкинд энэ сарын 3-ны 19.20 цагийн үед зэвсэгтэй этгээд халдаж, хоёр сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарав. Тус сум дахь хууль хяналтын байгууллагынхан “Эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж буй болохоор одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Гэмт этгээд хоёр сая төгрөг дээрэмдээд зугтсан” хэмээв.
Орон нутгийн баттай эх сурвалж “Банкны теллерүүд гүйлгээгээ хаагаад тооллого хийж байсан юм билээ. Энэ үед харуул, хамгаалагч нь байгаагүй. Тэгэхэд хоолой нь сөөнгөдүү хүн гар буу болон гранатаар зэвсэглэсэн улаан пүүз, хар куртик өмссөн, амны хаалтаар нүүрээ хаасан хүн орж ирж мөнгө нэхсэн.
Энэ үед теллер мөнгө өгөхгүй эсэргүүцсэн. Гэтэл гэмт этгээд ширээн дээр тоолоод өрж тавьсан гурван боодол 10 мянгатын дэвсгэртийг авч зугтсан. Зугтах замдаа нэг боодлыг нь банк дотор унагаад авч чадалгүй явсан байна лээ. Хэргийн газар дээр үзлэг хийж, банкны хяналтын камерийн бичлэгийг үзэж байхад гэмт этгээдийн ашигласан гар буу, гранат нь хүүхдийн тоглоом бололтой байсан. Гэмт этгээд ямар хүн байсныг тогтоож чадаагүй. Цагдаагийнхан эмэгтэй хүн байсан байх гэж буй бол банкныхан эрэгтэй хүн гэж үзэж буй юм билээ” гэсэн юм.