logo
Шүүхийг ачаалал, нутаг дэвсгэрийн дөт байдлыг харгалзан тойргийн журмаар байгуулна

Шүүхийг ачаалал, нутаг дэвсгэрийн дөт байдлыг харгалзан тойргийн журмаар байгуулна

2013/02/06

-Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон “Шүүгчийн орон тоо

батлах тухай” УИХ-ын тогтоолын танилцуулга-      

   

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж, С.Баярцогт, Д.Ганбат, Л.Цог, Х.Тэмүүжин нараас  2012 оны 12 дугаар сарын 20-ний өдөр Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ хууль, Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Дээр дурдсан хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 01  дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

    1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхийг гагцхүү хуулийн дагуу байгуулна. Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно гэж баталгаажуулсан билээ.

   Улсын Их Хурал 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөс хамааран: 

      -аймаг, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;

      -аймаг, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх;

      -захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн төрлөөр дагнан байгуулахаар, анхан шатны шүүхийн тогтолцооны хувьд

      -дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх;

      -дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

      -захиргааны хэргийн анхан шатны шүүх;

      -сум буюу сум дундын шүүх гэсэн бүтэцтэй байхаар хуульчилсан билээ.

   Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасан уг тогтолцоонд нийцүүлэн тухайн орон нутгийн хүн амын нягтаршил, шүүгчдийн ажлын ачаалал, иргэдэд шүүхийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг асуудлыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхүүдийг шинэчлэх шаардлагын үндсэн дээр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаас баталлаа.

    Хуульд заасан энэхүү хуваарилалтыг хийхдээ шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил,  шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан өөрөөр хэлбэл хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн дунд тус бүр нэг эрүү, иргэний дагнасан давж заалдах шатны шүүх байхаар тооцоолон эрүүгийн давж заалдах шатны 10, иргэний давж заалдах шатны 10 гээд нийт 20 шүүхийг “тойргийн” журмаар байгуулахаар тусгасан.

   Түүнчлэн сум дундын 29, Захиргааны хэргийн анхан шатны 20, дүүргийн эрүүгийн 4, иргэний 4 нийт 57 шүүхийг байгуулна.

   Анхан шатны шүүхийг байгуулахдаа тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, байршлаас үл шалтгаалан иргэдэд ойр сум, дүүрэгт харъяалуулсан нь шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн хуулийн үндсэн санаа бөгөөд шүүхийн үйлчилгээг ард иргэд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг хангах, гэмт хэргийн гаралт, хүн амын өсөлт зэргийг тооцсон болно.

    Мөн Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй байна” гэж заасны дагуу шинээр байгуулагдах шүүхийн тогтолцоотой уялдуулан шүүгчдийн орон тоог шинээр тогтоосон.

  Шүүх байгуулах тухай хууль болон “Шүүгчийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Монгол Улсын шүүхийн өнөөгийн тогтолцоог Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэн тогтоох, хэрэг, маргааныг тухайн чиглэлээр мэргэшсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хянан шийдвэрлэж байх замаар “Шударга, хариуцлагатай, иргэдийн хяналт бүхий шүүх засаглал” бүрэн утгаараа төлөвшин, шүүхэд итгэх олон нийтийн итгэл, хандах хандлагыг сайжруулах ач холбогдолтой. Түүнчлэн шүүхийн тогтолцоонд тойргийн зарчим нэвтрүүлснээр шүүхийн харилцан адилгүй ачааллыг зохистой болгох, орон нутгийн засаг захиргааны байгууллагын хөндлөнгийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зэрэг чухал ач холбогдолтой болсон.

  Мөн шүүхийг эрүү, иргэн, захиргаа зэрэг хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулснаар шүүгч илүү мэргэшиж, энэ нь шийдвэрийн чанарт нөлөөлөн улмаарзөрчигдсөн эрхээ хамгаалуулах шүүхэд хандсан иргэдийн эрх ашигт бүрнээ нийцэж, иргэний шударга шүүхээр шийдүүлэх эрхийн нэг үндэс болно.

  Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбогдуулан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

                                     Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн

                                                       зөвлөх Ж.Бямбадулам

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш