logo
Сайд Л.Гантөмөр ахмад багш нараас залуу багш нараа дэмжиж ажиллахыг хүслээ

Сайд Л.Гантөмөр ахмад багш нараас залуу багш нараа дэмжиж ажиллахыг хүслээ

2013/02/06
Монголын ахмад багш нарын холбоо уламжлал ёсоороо Монголын багш нарын 47 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Хоёрдугаар сарын 3-нд "АСА" циркт болсон ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалтын үеэр ахмад багш нарын төлөөлөл салбарынхаа сайдаас "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгийг гардан авлаа. 
БШУЯ-ны сайд Л.Гантөмөр  ахмад багш нарын баярын хурал дээр хэлсэн үгэндээ энэ жилийн багш нарын баяраар  "Технологийн үндсэн сан" нээгдэж байгааг онцолсон юм. Сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Энэ сайхан ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт ахмад буурал багш, сурган хүмүүжүүлэгч, доктор профессоруудаа! Та бүхэндээ Монголын багш нарын баярын өдрийн халуун дотно мэндчилгээг хүргэж байна.  Энэ сайхан уламжлалт өдрийг манай яам өчигдөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Ингэхдээ зөвхөн багш нарынхаа алдрыг магтаж, хүндэтгэл үзүүлээд зогссонгүй. Багш нартаа тустай үйл, багш нарынхаа төлөө ямар нэгэн ажил зохион байгуулья гэж бид шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд бид өчигдөр арга зүй технологийн шинэчлэлийг дэмжих "Технологийн үндэсний сан" байгууллаа. Манай Засгийн газар, яамны зүгээс энэ дөрвөн жилийн хугацаанд "Монгол хүүхэд бүрийг хөгжүүлнэ, монгол хүүхэд бүрийн авьяасыг нээнэ, монгол хүүхэд бүрийг ном уншдаг болгоно" гэдэг том зорилгыг тавьсан. Өнөөдрийн бидний байгаа нөхцөл байдал гарцаагүй энэ асуудлыг шийдэхийн төлөө ажиллахаас өөр арга байгаагүй юм. Хүүхэд бүрийн хөгжүүлэх, хүүхэд бүрт байгаа тэр авьяасыг нээж гаргах, хүүхэд бүрийн ертөнцийг дэмжиж ажиллахад багшийн арга зүй гэдэг үнэхээр ач холбогдолтой. Багш болгонд өөр, өөрийн арга зүй, технологи байдаг.

Та бүхэн  ч дотроо "Би ийм арга хэрэглэдэг байсан юм, надад ийм технологи байдаг юм" гэж бодож л суугаа. Харамсалтай нь та бүхэнд байгаа,  монголын мянга мянган багшид байгаа арга зүй технологи хэлбэржээгүй байна. Нэг ёсондоо загвар болоогүй байгаа. Бид технологийг олон түмэнд хүргэх нь залуу багш нарын хувьд, өнөөдөр багшилж байгаа багш нарын хувьд ирээдүйн багш нарын хувьд асар чухал үнэ цэнэтэй гэж ойлгодог. Манай технологийн санд эхний ээлжинд 20 технологи бүртгэгдсэн эндээс дөрвөн технологи вэб сайт дээрээ ачаалсан байгаа. Манай ахмад багш нар программ хийгээд технологийн сан дээр аваад ирэх юм бол технологийн сан тэрийг программ болгоод графикт оруулаад бүртгээд авна. Түүнийг нь боловсрол судлалын докторууд  шинжлэх ухааны үндэслэлийг нь гаргаад тусгай дессартанци болгоод сан дээрээ байршуулаад явах юм.

 Хэрвээ тэр технологийг олон багш нар үзэж харж, дасгал хийж, өөртөө авч нэвтрүүлэх юм  бол тэр хэмжээгээр та орлоготой болно. Монгол багш болгонд байгаа арга зүйн технологийг бид патентжуулна. Өмч болгоно. Тэр өмч монгол багшийг насан туршид нь тэтгэж явах гайхамшигтай боломж бүрдэж байгаа юм.  Монголын багш нарын өдрөөр  багш нарт өгсөн урилгыг өнөөдөр ахмад багш нартаа өгч байна. Манай ахмад багш нарт  25, 30, 40 жил ажлын байран дээрээ туршсан арга зүй байгаа. Энэ арга зүйгээ одоо загварт оруулаад өгөөч гэж хүсч байгаа юм. Загварт  оруулах ажилд чинь бид туслая. Боловсрол судлалын хүмүүс судлья. Үнэхээр энэ хүний арга үндэслэлтэй  байна. Яаж хэрэгжүүлэх юм, ямар цаг хугацаа хэрэгтэй юм, үр дүн нь яаж гарах юм.  Хүүхэд болгоныг хөгжүүлэх технологи үнэхээр мөн байна уу, эсвэл тодорхой онцлогтой хүүхдэд таарсан технологи байна уу гэдэг ч юмуу. Үндсэндээ бид орхигдоод байсан боловсрол судлалыг монголд хөгжүүлэхийг зорьж байгаа юм. Энэ ажилд  хувь нэмрээ оруулж хамтарч оролцоорой гэж та бүхнээс хүсье.

Бид  багш нар руу хандсан олон арга хэмжээ зохион байгуулна. Хамгийн түрүүнд хийж байгаа энэ ажил бол арга зүйн технологийг шинэчлэх, арга зүйн технологийг шинэчилж байгаа бол өөрийн арга зүй, технологитой багшид ажиллах боломжийг нь өгье. Цаашлаад өөрийнхөө арга зүйгээр зааж байгаа бол танд хэзээ юу заахыг удирдахгүй. Та өөрийнхөөрөө заа. Бид бүтээгдэхүүнээ үр дүнгээр нь хэмжиж авья. Тиймэээс манай багш нар та бүхний ажиллаж байсан үеийн бодоход илүү эрх чөлөөтэй, эрх мэдэлтэй, илүү өөрийгөө хөгжүүлсэн орчинд ажиллах болно.

Монголын  багш нарын харж хүндэлж явдаг, багшийн багш  та бүхэн цуглараад багш нарынхаа өдрийг тэмдэглэж байгаад үнэхээр баярлаж байна. Та бүхэн  энэ салбартаа,  шавь нартайгаа ойрхон байгаарай, та бүхний үгийг өнөөдөр ажиллаж байгаа мянга мянган багш сонсдог шүү. Тэднийгээ үргэлж дэмжиж яваарай.  Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш