logo
Өнөөдөр чи юуны төлөө амьдарч байна вэ?

Өнөөдөр чи юуны төлөө амьдарч байна вэ?

2013/02/06
Өнөөдөр чи юуны төлөө амьдарч байна вэ? Мөрөөдөл чинь юу вэ? Ойрын зорилт чинь юу вэ? Эдгээр асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрэв торохгүй шууд л хариулж байвал та үнэхээр амьдралд хайртай хүн юм. Харин эсрэгээрээ байвал өөрөө өөртөө нэг дүгнэлт хийгээд үзээрэй.
Мөрөөдөл ийм хүчтэй...

Хүн мөрөөдөхөө больж, ямар нэг зүйлийн төлөө тэмүүлдэггүй бол амьдрал яасан уйтгартай санагдах бол... хэрэв амьдрал чинь ойрд нэг л утга учиргүй, нэгэн хэвийн уйтгартай, удаашралтай санагдаж байвал өөртэйгээ ярилцах цаг чинь иржээ. Хүн мөрөөдөл, зорилгынхоо төлөө тэмцэж байхдаа хэзээ ч уйдах цаг зав гардаггүй.

Мөрөөдлөө тодорхой болго!- Өөрийн хүсэж байгаа зүйлээ бодит болгохын тулд чадах чинээгээрээ “амь оруул”. Хүсэж байгаа зүйлийнхээ өнгө, хэлбэр, дүрс, онцлог чанар зэргийг дэвтэр дээрээ бич, зургийг нь ханандаа наа. Ажлынхаа компьютерийн дэлгэцэн дээр зургийг нь тавь. Ямар ч л байсан өдөр бүр нүдэнд чинь өртөж, өөрт чинь зорилгыг чинь сануулдаг байх ёстой. Түүнийгээ хараад эрч хүчтэй болж, улам сайн хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй.

Мөрөөдлийн шаттай бол- Мөрөөдөлдөө хүрэхийн тулд чи юу юу хийх, ямар чадвартай байх ёстой зэргийг жагсаан бич. Өөрөөр хэлбэл чамайг мөрөөдөлд чинь хүргэх алхмуудыг тодорхой болгоно гэсэн үг. Энэ бол чиний ажлын төлөвлөгөө юм. Төлөвлөгөөтэй ажил л үр дүнтэй байдаг юм шүү.

Хугацааг тодорхойл- Мөрөөдөлдөө хүрэх алхмуудыг тодорхой болгосон бол одоо тэдгээрийг хэдий хугацаанд хийж чадахаа тодорхой бич. Хугацаа заахгүй бол чи дараа гэж хойшлуулсаар л байх болно. Тиймээс өөрөө өөртөө амлалт өгч, баримтжуулан тэмдэглэл дээрээ бич. Өөрийгөө урамшуул- Эхлээд тэмдэглэлээ гаргаж ирээд, амжилттай хэрэгжүүлсэн алхам бүрийн ард тэмдэглэ. Энэ хичнээн аз жаргалтай ажил болохыг мэдэх үү? Алхам бүрийг амжилттай гүйцэтгэх бүртээ өөрөө өөрийгөө магтаж, “эрхлүүл”. Тэгвэл цааш цаашдын шатаа амжилттай алхахад урам зоригтой байх болно.

Мөрөөдөхөө битгий зогсоо- Эхний мөрөөдөл чинь биелэж эхлэх үед дараагийн мөрөөдөл маань юу байх вэ? Гэдгийг бодож эхлэ. Мөрөөдөхөө зогсоосон үед л чиний амьдрал зогсоно гэсэн үг. Миний нэг найз энэ төлөвлөгөөний дагуу ажиллаж мөрөөдлөө биелүүлсэн юм. Тэр одоо Америкт тэтгэлгээр магистрт сурангаа дараагийн мөрөөдлөө биелүүлэх алхамаа хэрэгжүүлж байгаа. Мөрөөдөл ийм л хүчтэй! Чиний мөрөөдөл хийгээд мөрөөдлийнхөө төлөө хийж байгаа зүйл чинь юу вэ? Найзуудтайгаа хуваалцаарай.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш