Өнгөрсөн оны 04-р сараас хойш Монголын Залуучуудын Холбоо хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө баригдсан барилга байгууламжуудыг зориулалтынх нь дагуу эргүүлэн ашиглуулах ажлыг эхлүүлсэн билээ. Үүний нэг нь “Паркаа аваръя” хөдөлгөөн мөн Залуу техникчдийн ордны үйл ажиллагааг сэргээх зэрэг ажлууд байсан юм. Энэ ажлын эхний үр дүн гарч, өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга байгууламжид улсын хэмжээний үзлэг явуулж, зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхийг тогтоон дүгнэлт гаргах, зориулалт нь өөрчлөгдсөн барилга, байгууламж болон хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр бий болгосон хөрөнгийг хүүхдийн байгууллагын мэдэлд шилжүүлж, өмчлүүлэх асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах” захирамжийг гаргаж, ажлын хэсгийг томилжээ. Үүнд: Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын дэд сайд, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга, Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Соёл спорт аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч, Монголын сурагчдын холбооны тэргүүн, Ерөнхий сайдын ажлын албаны шинжээч нар багтжээ. Дашрамд дурдахад тус ажлын хэсгийнхэн улсын үзлэгийн дүн болон саналаа 2013 оны 03-р сард багтаан Засгийн газарт танилцуулахыг даалгажээ. Ийнхүү Хүүхэд залуучуудын зориулалтаар баригдсан олон барилга байгууламжууд эзэддээ буцаж очих нь ээ.